Шинэ коронавирустэй холбоотой цаг үеийн асуудлаар ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү өнөөдрийн 11.00 цаг мэдээлэл өглөө.

Тэрээр "Гуравдугаар сарын 23-нд нийслэлийн зургаан дүүргийн эмнэлгүүдэд уушгины хатгалгалгаагаар өвдөн эмчлүүлж буй хүмүүсээс санамсаргүй түүврийн аргаар 28 хүний шинжилгээ авахад коронавирус илрээгүй. 

Гуравдугаар сарын 23-нд Алтанбулаг боомтоор орж ирээд Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан хоёр, Орхон аймаг тусгаарлагдсан нэг хүнээс коронавирус илрээгүй. Бусад шинжилгээ, тандалт судалгааг хийж байна.

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 186 хүн тандалт хяналтад байна. Тусгай үүргийн онгоцоор ирсэн хүмүүсээс давтан шинжилгээ авч байна. Өнөөдөр Истанбул-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн хүмүүсийн шинжилгээ хийгдэж байна. Өвчтөнүүдийн биеийн байдал тогтвортой байгаа. 

Эдгэрсэн хүмүүсээс дахин таван төрлөөр гурван удаа шинжилгээ авч байж эмнэлгээс гаргана. Хэрэв дутуу эдгэрсэн байхад нь гаргавал бусдад тараах өндөр эрсдэлтэй учир дүрэм журмыг нягт хянана. 14 хоног тусгаарлагдаад эмнэлгээс гарч буй хүмүүс өөрсдийгөө гэртээ 14 хоног тусгаарлах үүрэгтэй. Хамгийн гол нь иргэд өөрийгөө хуурч болохгүй. Энэ нь аюултай, ёсзүйгүй үйлдэл" хэмээлээ.

Манай улсад шинэ коронавирусийн халдварын нийт 10 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд сүүлийн өдрүүдэд нэмж бүртгэгдээгүй байна.