Шинэ коронавирусийн халдварын талаарх цаг үеийн мэдээллийг Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр өглөө.

Мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Өнгөрсөн амралтын өдрүүдэд нийт 3 тохиолдлыг тусгаарлан, хянасан. Хоёрдугаар сарын 08-нд Өвөрхангай аймгийн нэгдсэн эмнэлэгт тусгаарлагдсан тохиолдлын шинжилгээний хариу сөрөг буюу коронавирусийн халдваргүй гарсан. Тухайн хүнээс А хүрээний H3N2 вирус илэрсэн. 

Мөн энэ сарын 8-нд тусгаарлагдсан Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн нэг тохиолдын шинжилгээний хариу халдваргүй гарсан. Өчигдөр буюу энэ сарын 09-нд нэг тохиолдол тусгаарлагдсан ч хариу нь халдваргүй гарсан. Тус хүн нэгдүгээр сарын 29-нд Хөх хотоос ирсэн түүхтэй, А хүрээний H3N2 вирус илэрсэн. Одоогийн байдлаар ХӨСҮТ-д Ухань хотоос ирсэн оюутнууд байна. Өмнө нь тусгаарлагдсан хүмүүсээс шинжилгээ аваад гаргаж байгаа. Одоо бид хяналтаа сулруулж болохгүй үед байна. Монголд хууль 3 хоног үйлчилдэг гэсэн байдлаар хандаж болохгүй. Дэлхийн хэмжээнд халдварын тархалт ямар олон болж буйг бүгд харж байна. Илүү хариуцлагатай байх нь чухал" хэмээлээ.