Шинэ коронавируст халдварын Монгол дахь нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү өнөөдөр мэдээлэл өглөө.

Тэрээр "7 дугаар сарын 19-нд нийт 330 хүний сорьцод шинжилгээ хийсэн. Бүгдээс нь коронавирус илрээгүй. Үүнд 7 дугаар сарын 04-нд Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 253 хүний давтан шинжилгээ, сэжигтэй гэж үзэн ХӨСҮТ-л тусгаарласан 7 хүний давтан шинжилгээ, Дорноговь аймгийн Хангимандал боомтоор орж ирсэн ачаа тээврийн 24 жолоочийн шинжилгээ, Алтанбулаг бооитоор орж ирсэн ачаа тээврийн 18 жолоочийн шинжилгээ, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 4 хүний шинжилгээ, эдгэрч ХӨСҮТ-өөс сувилалд шилжсэн 24 хүний давтан шинжилгээ хамрагдсан. Бүгдийнх нь хариу сөрөг гарлаа. 

Монгол Улсад коронавируийн нийт 287 батлагдсан тохиолдол бүртгэгдсэнээс 213 нь эдгэрч, дараагийн шатны сувилалд шилжсэн. Одоо ХӨСҮТ-д 74 хүн эмчлэгдэж байна. Тэдний 64-ийнх нь биеийн байдал хөнгөн, 10 хүн хүндэвтэр байна. Эмчилгээнд нэг жирэмсэн эмэгтэй байгаа. 

ХӨСҮТ-д нийт 116 хүн эмчилгээ, тандалт, ажиглалтад байна. Тусгай үүргийн дараагийн нислэгүүдээр ирэх хүмүүсийг хүлээж авах бэлтгэлээ бусад байгууллагатай хамтран бүрэн хангасан" хэмээн мэдээллээ.