Шинэ коронавируст халдварын Монгол дахь нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү өнөөдөр мэдээлэл өглөө.

Тэрээр "7 дугаар сарын 06-нд нийт 757 хүний сорьцод шинжилгээ хийлээ. 752 хүнээс нь коронавирус илрээгүй, Алтанбулаг боомтоор орж ирсэн 5 хүнээс коронавирус илэрсэн. Эдгээр нь 20, 22, 24 настай эрэгтэй, 34, 20 настай эмэгтэй байна. 757 хүн гэдэг их тоо, тэдний сорьцыг цуглуулна гэдэг нарийн техник шаардсан ажил бөгөөд шөнөжин сууж шинжилгээ хийснээр хариу нь гарч байна. Энэ нь олон хүний хамтын ажиллагаагаар хийгдсэн. 

Өнөөдөр 6 хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс дараагийн сувилалд шилжлээ. Тодруулбал, Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор 6 дугаар сарын 18-нд ирсэн 2 хүн, 6 дугаар сарын 11-нд Нурсултан-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 4 хүн нийт 15 хоногт эдгэрлээ. 

Алтанбулаг боомтоор өчигдөр орж ирсэн 85 хүнийг Орхон аймагт тусгаарласан. Сорьц цуглуулалт өнөөдөр эхэлсэн" хэмээлээ.

Мөн тэрээр "Нарлаг Монгол оронд зуны дэлгэр цаг ирлээ. Бидэнд хоёрхон сар байна. Үүнийг ашиглан олон сайхан ургамал олж идсэн бэлчээрийн малын мах идэж, агаар салхинд амарч, цагаан идээ идэж, дархлаагаа дэмжих хэрэгтэй байна. Ингэснээр жил бүрийн 10 дугаар сараас тохиолддог улирлын томуу, коронавирустэй харших гамшгаас сэргийлж чадна. Одоо хүйтэн улирал нь тохиож буй дэлхийн улс орнуудад коронавирус улирлын томуутай харшиж аюултай нөхцөл үүсгэж байгааг бусад улс орон анхааруулж байна.

Тиймээс Монголчууд бид энэ том тал нутаг дээрээ бөөгнөрөхгүй байрлаж, тэвэрч үнсэж, золгохгүй, хөөрөг дамжуулахгүй цомхон амарч, дархлаагаа дэмжээрэй" гэдгийг онцлон зөвлөв.