Улсын филармонийн удирдаач, соёлын тэргүүний ажилтан Д.Нямдаштай ярилцлаа.


-Хэсэг хугацаанд тайзны уран бүтээлээсээ хөндийрсөн байх. Тайзаа хэр санав?

-Саналгүй яахав. Вирус энэ тэр гэсээр нэлээд азнажээ. Ажилдаа ороод тоглолт эхлээд урамтай урагшилж байна. Манай Төрийн шагналт Ардын жүжигчин Ц.Намсрайжавын нэрэмжит Улсын филармонийн “Ганган дагшаа” тоглолтын тасалбар гарсан даруйдаа л зарагдаад дуусчихсан шүү. 


-49 дэх улирлын нээлтээ саяхан хийлээ. Та хэд дэх жилдээ Улсын филармонид удирдаачаар ажиллаж байна вэ?

-14 дэх жилдээ ажиллаж байна. Үзэгчид ч тоглолт үзвэрээ үгүйлжээ


-Үзэгчид дүүрэн байна гэдэг уран бүтээлчийн хувьд бас нэг жаргал болов уу?

-2006 онд анх ажилд орж байхад үзэгчдийн тоо тун цөөхөн байлаа. Заримдаа 10-20 хүн ирж үзсэн ч тоглоно. Түүнээс өмнө бараг үзэгчгүй үеийг урлагийнхан мэднэ. Тэр нь 90-ээд онд нийгэм шилжих нөлөө юм. Анхдагч хэрэгцээ гурил, махныхаа төлөө явж байсан тэрхүү нийгмийн шуурганд урлаг хэсэгт зогсолтод орсон. 


-Урлагтай амьдралаа холбосон түүхээсээ хуваалцахгүй юу?
-Бага нас минь бараг л филармонид өнгөрсөн. Аав ХБК-д багш, ээж Улсын филармонид хөгжимчин байлаа. Удирдаач болох л тавилантай байж.


-Хөгжим гэж юу вэ?

--Хөгжим гэхээр хөнгөхөн бодож төсөөлдөг байх. Яг угтаа хөгжмийн онолын хичээл гэдэг бөөн тоо, бодлого юм шүү дээ. Тэр чигээрээ тооцоолол байдаг.


-Хамгийн энгийнээр удирдаачийн ажил мэргэжлийг хэрхэн тодорхойлох вэ?

-Үүрэг нь энэ олон хүнтэй ансамблийг л бүрдүүлж, нэгтгэх. Багаар бол багийн удирдагч нь юм. Энэ ажлыг ойлгож мэддэггүй хүнд бол хэдэн хөгжимчдийн өмнө гарч гимнастик хийж байгаа хүн л харагддаг байх. /инээв/ Гэхдээ би одоо ч өөрийгөө удирдаач болчихсон гэж хэлж чадахгүй. Суралцаад л явж байна. 

Магадгүй 20-30 жилийн дараа удирдаач гэж ийм хүн гэж итгэл дүүрэн тодорхойлох байх.


-Удирдаач хүний бодлоор хөгжимчин хүн ямар байх ёстой вэ?

-Нэг хөгжимчин алдаж тоглохыг оркестр даяараа л мэднэ. Тиймээс бусадтайгаа нэгдэж тоглох ёстой. Гоцлол хөгжимчин бол өөрийн тоглолтоо л авч явдаг. Харин оркестрын хөгжимчид нэг цул болж тоглох учиртай. Энэ бол зөвхөн мэргэжил биш. Асар их туршлагаар олж авдаг мэргэшил юм. Таван жил оркестрт сууж байж хөгжимчин хүн оркестр гэж том бүрэлдэхүүний хэсэг нь болдог. 


-Хөгжимчид форм алдана гэж байх уу?

-Хөгжимчин хүний дасгал сургуулилт яг л тамирчинтай ижилхэн дээ. Байнгын дасгал сургуулилт шаарддаг. Хэрвээ дасгал сургуулилтаа хийхгүй бол тембр, тоглолтын арга техник, апликатур (хурууны хуваарилалт) өөр болчихно. Иймээс л алдахгүйн тулд урт хугацааны тууштай дасгал, сургуулилт хийдэг.  Манай уран бүтээлчид тус бүрнээ их ажиллаж давтсан байна лээ. Тэднийгээ хараад маш их баярласан.


-Тухайн өдрийн сэтгэл зүйгээс хамаарч өөр өөрөөр дохиж болох уу?

-Хэрэв өөрийнхөө сэтгэл хөдлөлд автаад байвал 60-70 хөгжимчинд төвөгтэй биз дээ, өдөр болгон өөрөөр дохиод л.  Ингэж сэтгэл хөдлөлдөө автаад байвал чанартай ансамбль гарахгүй. Тиймээс ер нь тайзан дээр гарахаасаа өмнө өөрийнхөө сэтгэл зүйгээ хянана аа. 


-Хүн хөгжмөөс юу авч, мэдрэх ёстой бол…?

-Дээш доош болж буй тэр аялгуу хүний мэдрэмжийг аяндаа хөтөлдөг. Дан ганц хөгжим гэлтгүй, зураг, бүжгийн давуу тал нь гадаад хэлний мэдлэг шаарддаггүй. Тэрхүү мэдрэмжээр чөлөөтэй нэвтрэлцдэг нь өөрөө гайхамшиг юм.  


-Дохих дуртай уран бүтээлээсээ дурдахгүй юу?

-Би Моцарт, Чайковскийн бүтээлүүдэд дуртай. Гэхдээ дуртай байх нь миний л хэрэг. Аз болоод тухайн жилийн хөтөлбөр, захиалгат тоглолтод эдгээр хөгжмийн зохиолчдын бүтээл багтвал надад тааламжтай л байдаг. Энэ нь бусад хөгжмийн зохиолчдын бүтээлд дургүй гэсэн үг биш. 


-Тэгвэл тун удахгүй Улсын филармони Чайковскийн бүтээлүүдийг тоглох нь. Энэ суут хөгжмийн зохиолчийн бүтээлүүд юугаараа таны сэтгэлийг татдаг вэ?

-П.И.Чайковский бол хөгжмийн төрөл зүйл бүрээр бичсэн. “Хунт нуур”, “Щелкунчик”, “Нойрссон гүнж” зэрэг гурван балет нь гэхэд хүн төрөлхтний оюуны өв гэгддэг. Удирдаачийн хувьд түүний бүтээлүүдийг тоглоход цэгцтэй, сэтгэлд ойрхон санагддаг юм. Нэлээн хэдэн бүтээлийг нь тоглосон ч тоог нь нарийн хэлж мэдэхгүй байна. 


-Хөгжмийн боловсролын талаар асуухгүй өнгөрч боломгүй санагдаад. Энэ тал дээр танд хэлмээр эсвэл санаа зовж явдаг зүйл цөөнгүй байдаг болов уу?

-ЕБС-ийн хөгжмийн хичээлийг хараад гайхсан гэдгээ нуухгүй. Хүүхдүүдийн сэтгэлгээнд ахадсан бүтээлүүд хөтөлбөрт нь оруулчихсан юм шиг санагдсан. Сурагчдын дийлэнх нь хөгжмийн хичээлээрээ дамжуулж дэлхийн сонгодог бүтээлүүдтэй танилцаж байгааг бодолцууштай. Walt disney-н бүтээлүүд дээр сонгодог хөгжмийн бүтээлүүд дээр богино хэмжээний хүүхэлдэйн кино хийчихсэн байдаг. Бас Оросын алдарт хөгжмийн зохиолч С.С.Прокофьев “Петя, чоно хоёр” үлгэрт симфонийн цомнол, хөгжим бичсэн байдаг. Дэлхийн олон хүүхэд багачуудыг сонгодог урлагт дурлуулсан бүтээл л дээ. Энэ мэтээр хүүхдийн нас сэтгэлгээнд нь тохирсон бүтээлээр дамжуулан хөгжмийн урлагийг ойлгуулах үндсийг нь тавих нь чухал. Тэгэхгүй бол хүүхдүүд багаасаа л сонгодог хөгжим гэж ойлгохыг эцэсгүй юм гээд ойлгочихно шүү дээ.


-Монголын хөгжмийн зохиолчид хүүхдэд зориулсан дан хөгжмийн бүтээл хийхгүй байна гэсэн шүүмж байдаг. Та үүнтэй санал нийлэх үү?

-Санал нийлэхээс өөр арга алга. Хүүхдийн дуу бол зохиогдоод байна. Дуу гэдэг хөгжмийн урлагийн нэг л хэсэг. Социализмын үед хүүхдийн хөгжмийн боловсролд зориулсан лекц хичээл ордог байлаа. Хүүхдүүдэд оркестрийн хөгжмийг тайлбарлаж өгнө. Намын даалгавраар боловсролын хөтөлбөрт нь оруулж байсан хэрэг. Үүний ачаар надаас дээш үеийн хүүхдүүд сонгодог урлагийн талаар ойлголтын зах зухтай болсон. Хүүхдүүд тэр дундаас урлагийн мэдрэмж сууж, зарим нь өөрийн сонирхлоо ч олж болно. Хэрэв хүүхдээ дагуулж тоглолт үзүүлдэггүй бол хүүхдийнхээ урлагийн авьяас мэдрэмжийг нь хөгжүүлэхгүй л байна гэсэн үг.


-Сүүлийн асуулт. Тоглолт үзэхээр ирж байгаа үзэгч хаалга татан орохоосоо өмнө өөрийгөө яаж бэлдэх ёстой гэж боддог вэ?

-Ю.Цэдэнбал дарга дуурь, сонгодог урлагийн тоглолт үзэхээсээ өмнө Оросоос пянз захиалж авчиран сонсож, тухайн бүтээлийнхээ талаар нэлээн уншиж судалдаг байсан гэдэг. Ингэж мэдэж судласан хойноо тэрхүү үзвэрээ үздэг байсан хэрэг. Сонсоод урьдынхаасаа ч ихээр хүндэтгэсэн. 

Ер нь сонгодог урлагийг шууд очоод сонсохоосоо өмнө тодорхой хэмжээгээр уншиж судлаад,  мэдлэг мэдээлэлтэйгээр ирж үзээсэй гэж хүсдэг. Ингэж оюунаа бэлдсэн, бүтээлийн үнэ цэнийг ойлгосон хүн театрт ирэхдээ өөртөө хүндэтгэлтэй ханддаг юм