Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд 16 настай эрэгтэй хүүхэд тарваган тахлын сэжигтэйгээр сумын эмнэлэгт тусгаарлагдсан талаар өчигдөр бид мэдээлсэн.

Энэ талаар ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл өнөөдөр мэдээлэл өглөө.

Тэрээр "Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд 16 настай эрэгтэй хүүхдэд тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрсэн. Тэрээр аавынхаа агнаж ирсэн тарваганы махыг идсэн. Идсэнээс хоёр хоногийн дараа халуурч, хоолой нь өвдсөн зовиуртайгаар өчигдөр сумынхаа эмнэлэгт ирсэн. Энэ утгаар нь тарваган тахлын сэжигтэй тохиолдол гэсэн онош тавьсан. Аймгийн ЗӨСТ-ийн баг тус суманд очиж ажиллаад, эхний хавьтлын хүмүүсийг Баянхонгор аймаг зэрэг газруудад тусгаарласан. Мөн Эрдэнэтийн хүмүүс тэр айлд байж хавьтал болж, тарваганы мах идсэн өгүүлэмжтэй байгаа. 

Өнөөдөр 11:00 цагийн үед шинжилгээний сорьц Улаанбаатарт ирсэн. Одоо PCR шинжилгээ хийнэ. Орон нутагт нь хийсэн эхний шинжилгээгээр сөрөг гарсан. PCR шинжилгээгээр оношийг баталгаажуулна. Үүний дараа албан ёсоор мэдээлнэ. 

Иргэд ер нь тарвагатай харьцахгүй, тарваганы мах идэхгүй байхыг сануулъя. Ялангуяа түүхий эд, эрхтнийг ямар нэгэн өвчин зэрэгт сайн гэж түүхий идэх тохиолдлууд байдаг. Энэ жил манай улсын бүс нутаг, ОХУ, Өвөрмонголын нутгаар тарваган тахлын онцгой идэвхжилтэй үе таарч байна. Иймд тарвага агнахгүй, тарваганы мах идэхгүй байхыг дахин анхааруулъя" хэмээлээ.