Шинэ коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Энэ үеэр ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Өнөөдрийн байдлаар коронавирусийн халдвар дэлхийн 216 орон, бүс нутагт бүртгэгдэж, 4.982.000 хүн өвчиллөө. Нийт 324.000 хүн нас барж, 1.9 сая хүн эдгэрч эмнэлгээс гарсан. 2.7 сая хүн уг өвчний улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Тэдний 45.000-ынх нь биеийн байдал маш хүнд байна.

Сүүлийн 24 цагт нийт 94.000 хүн коронавирусээр өвчилж, 4.000 гаруй хүн нас барсан байна. Энэ нь өмнөх өдрөөс өвчилсөн хүний тоо 8000-аар, нас барсан хүний тоо 1000-аар багассан үзүүлэлт боллоо.

ОХУ-д 24 цагийн хугацаанд өвчлөл 9.200 тохиолдлоор нэмэгдэж, 2.800 гаруй хүн нас барсан байна. Манай улсын олон аймагтай хил залгадаг бүс нутгуудад өвчлөл эрчтэй тархаж байна. Тухайлбал, Буриадад өвчлөл 25-аар нэмэгдэж, нийт 973 болсон, Эрхүүд 97 тохиолдлоор нэмэгдэж нийт 698, Тувад 52-оор нэмэгдэж, нийт 351, Чит мужид 45-аар нэмэгдэж нийт 595 хүн өвчилсөн байна" хэмээлээ.