Шинэ коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Мэдээллийн үеэр ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Өнөөдрийн байдлаар коронавируст халдвар дэлхийн 216 орон, бүс нутагт бүртгэгдэж, нийт 7.439.000 хүн өвчилж, 417.000 хүн нас баржээ. 

Сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 127.000 хүн коронавирусийн халдвар авч, 4.000 гаруй хүн нас барсан байна. 

Манай хойд хөрш ОХУ-д сүүлийн 24 цагт 8.400 хүн шинээр коронавирусээр өвчилсөн. Манай улсын олон аймагтай хил залгадаг Буриад, Эрхүү, Тува, Чит мужид өвчлөл сүүлийн хоногт 70-79 тохиолдлоор нэмэгдэж, өвчлөлийн эрч буурахгүй, тууштай нэмэгдэж байна. 

Манай улсын хувьд өчигдөр Нурсултан-Улаабаатар чиглэлийн онгоцоор 175 хүн ирсэн. Гурвыг нь сэжигтэй гэж үзэн ХӨСҮТ-д, 12 хүнийг Цэргийн төв эмнэлэгт, бусад хүнийг зочид буудлуудад тусгаарласан. ЗӨСҮТ, ХӨСҮТ-ийн багууд өчигдөр Чингис хаан олон улсын нисэх буудалд ажиллаж, зорчигчдын эд зүйлс, 3885 кг ачаа тээш, онгоц, найман автобусанд эцсийн халдваргүйжүүлэлт хийсэн. 

263 хүн шинээр ажиглалтад орж, 7 хүн ажиглалтаас гарсан. Одоо ажиглалтад 1638 хүн байна. Тусгаарлах ажиглах байранд 1-5 насны 38 хүүхэд, жирэмсэн эх 18, архаг хууч өвчтэй 65 хүн байна. Тэдэнд 38 их эмч, 50 ресидэнт эмч эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлж байна. 

Сүүлийн 24 цагт 119 дугаарын утсанд 129 дуудлага ирсэн. Гадаадад буй иргэдэд зориулсан Шуурхай-119 аппликэйшнаар Индонез, Швед улсаас монгол иргэд холбогдож, коронавирусийн эмнэлзүйн шинж тэмдгийн талаар зөвлөгөө, мэдээлэл авсан" хэмээлээ.