Шинэ коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Мэдээллийн үеэр ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Өнөөдрийн байдлаар коронавирусийн халдвар дэлхийн 216 орон, бүс нутагт бүртгэгдэж, нийт 5.668.000 хүн өвчилж, 346.000 хүн нас барсан байна. 

Сүүлийн 24 цагт 74.000 хүн коронавирусээр өвчилж, 2.000 гаруй хүн нас баржээ. Энэ нь өвчлөл өмнөх өдрөөс 14.000-гаар буурсан үзүүлэлт боллоо. Хойд хөрш ОХУ-д 24 цагийн хугацаанд 8.946 хүн шинээр өвчилсөн. 

Манай улсын олон аймагтай хил залгадаг Буриад, Эрхүү, Тува, Чит мужид өвчлөл сүүлийн хоногт 78-116 тохиолдлоор нэмэгдэж, тархалт эрчтэй хэвээр байна. Ялангуяа Эрхүү хотод сүүлийн гурван хоног дарааллан өвчлөл эрс нэмэгдлээ.

Иймд дээрх хотуудтай хил залгадаг Увс, Хөвсгөл, Сэлэнгэ, Дорнод аймгийн иргэд амны хаалтаа тогтмол зүүж, хүн хоорондын зайг 1.5-2 метр барьж, гараа сайтар угааж, коронавирусээс сэргийлэх арга хэмжээгээ эрчимжүүлэхийг уриалж байна. Мөн онцын шаардлагагүй бол олон нийтийн болон хил орчмын газраар явахгүй байхыг Эрүүл мэндийн яамнаас анхааруулж байна. 

ЗӨСҮТ-ийн баг өнгөрсөн шөнө 180 ачаа тээш, нэг онгоцонд ариутгал, халдваргүйжүүлэлт хийсэн.

Сүүлийн 24 цагт 119 дугаарын утсанд 336 дуудлага ирсэн. Гадаадад буй иргэдэд зориулсан Шуурхай-119 аппликэйшаар Швед, АНУ, Герман зэрэг улсаас нийт 31 хүн холбогдож, коронавирусийн эмнэлзүйн шинж тэмдгийн талаар зөвлөгөө, мэдээлэл авсан" хэмээлээ.

Иргэд гадуур амны хаалтгүй явж, амралтын газар олноороо бөөгнөрч байна гэсэн сэрэмжлүүлэг мэдээлэл олон ирсэн. Иймд Эрүүл мэндийн яамнаас амралтын газарт зориулсан зөвлөмжийг гаргасан. Коронавирусийн энэ үед дэлхий нийтээрээ өмнө нь амьдарч байсан хэвшлээрээ амьдарч болохгүй нь тодорхой болсон" хэмээлээ.