Шинэ коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ.

Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Өнөөдрийн байдлаар коронавирусийн халдвар дэлхийн 215 орон, бүс нутагт бүртгэгдэж, 3.7 сая хүн өвчиллөө. Нийт 257.000 хүн нас барж, 1.2 сая хүн эдгэрч эмнэлгээс гарсан. 2.2 сая хүн уг өвчний улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Манау улсад коронавирусийн 41 тохиолдол бүртгэгдсэнээс 13 нь эмчлэгдэн эмнэлгээс гарсан, 28 нь ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байна. 

Сүүлийн 24 цагт манай улсад коронавирусийн сэжигтэй нэг тохиолдол бүртгэгдсэн. Тус сэжигтэй тохиолдолд тандалт, судалгаа хийж байна. Одоогоор нийт 1042 хүн ажиглалтад тусгаарлагдаж байна. 12 хүн гэрийн ажиглалтад шилжсэн. Ажиглалтын байранд 135 эмч, эмнэлгийн мэргэжилтэн, холбогдох байгууллагын ажилтнууд ажиллаж байна. 

Эрүүл мэндийн яам, Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газраас хамтран коронавирусийн талаар зөвлөгөө, мэдээлэл өгөх 119 дугаарын утсыг ажиллуулж байгаа. Уг лавлах утсаа өргөжүүлэн гадаадад байгаа иргэддээ зориулан "Шуурхай 119" нэртэй гар утасны аппликейшнийг өчигдрөөс хэрэглээнд нэвтрүүллээ.

Тус аппликейшнийг хийхэд "CallPro" компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хамтран ажилласан. 

"Шуурхай 119" аппликейшнаар дэлхийн аль ч улсаас үнэ төлбөргүй ярьж, чат бичиж болно. Нууцлалын өндөр зэрэглэлтэй. Тиймээс гадаадад буй иргэд маань холбогдож, нарийн мэргэжлийн эмч нараас зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой" хэмээлээ.