Шинэ коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ.

Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Өнөөдрийн байдлаар коронавирусийн халдвар дэлхийн 215 орон, бүс нутагт бүртгэгдэж, нийт 3.8 сая хүн өвчиллөө. Нийт 264.000 хүн нас барж, 1.2 сая хүн эдгэрч эмнэлгээс гарсан. 2.2 сая хүн уг өвчний улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Өвчлөл тууштай буурахгүй байгаа бөгөөд дөрөвдүгээр сараас хойш өдөр бүр 80.000 гаруй хүн уг халдвараар өвчилж байна. 

Манай улсын хувьд нийт 41 тохиолдол бүртгэгдсэнээс 13 нь эдгэрсэн, 28 нь ХӨСҮТ-д эмчлүүлж байна. Өнөөдрийн байдлаар коронавирусийн сэжигтэй нэг тохиолдол бүртгэгдсэн, 14 хүн ажиглалтаас гарсан, одоо нийт 1030 хүн ажиглалтад байна" хэмээлээ.

Мөн тэрээр "Коронавирусийн халдвар зарим оронд буурч байгаа ч зарим оронд эрс нэмэгдэж байна. Тухайлбал, нэг ч халдвар бүртгэгдээгүй байсан Тажикстан улсан 10 хоногийн өмнө анхны тохиолдол бүртгэгдсэн ч өнөөдрийн байдлаар тус улсад нийт 283 хүн өвчилсөн байна. Иймд бид бэлэн байх шаардлагатай. 

Манай орны хувьд коронавирус голомтлон тархах нь цаг хугацааны асуудал учраас бүх байгууллага, иргэн бүр бэлэн байх шаардлагатайг олон орны жишгээс бид харж байна" гэв.

Сүүлийн 24 цагт Эрүүл мэндийн яамны 119 дугаарын утсанд 455 дуудлага ирсэн байна. Мөн гадаадад буй монголчууддаа зориулан өчигдрөөс хэрэглээнд нэвтрүүлсэн "Шуурхай 119" гар утасны аппликейшнаар 9 улсаас 30 иргэн холбогдож мэдээлэл авчээ. Тодруулбал, АНУ-аас 7, Туркээс 5, Тажикстанаас 1, ОХУ-аас 9, БНСУ-аас 1, Японоос 2, Шведээс 2, Швейцариас 1, Испаниас 2 хүн утасдаж, коронавируст халдварын эмнэлзүйн шинж тэмдэг, урьдчилан сэргийлэлтийн талаар зөвлөгөө, мэдээлэл авсан байна. Мөн үзүүлэх сургалттай холбоотой дуудлагууд цөөнгүй иржээ.