Шинэ коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Мэдээллийн үеэр ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Өнөөдрийн байдлаар коронавирусийн халдвар дэлхийн 216 орон, бүс нутагт бүртгэгдэж, нийт 6.259.000 хүн өвчилж, 371.000 гаруй хүн нас баржээ. 2.8 сая хүн эдгэрч, уг өвчний улмаас одоо 3 сая гаруй хүн эмнэлэгт эмчлүүлж байна.

Сүүлийн 24 цагт шинээр 108.000 хүн коронавирусээр өвчилж, 1.000 гаруй хүн нас баржээ. Энэ нь өвчлөл өмнөх өдрөөс 15.00 гаруйгаар буурсан үзүүлэлт боллоо. Хойд хөрш ОХУ-д 24 цагийн хугацаанд 9.268 хүн шинээр өвчилсөн. 

Манай улсын олон аймагтай хил залгадаг Буриад, Эрхүү, Тува, Чит мужид өвчлөл сүүлийн хоногт 29-90 тохиолдлоор нэмэгдсэн.

Манай улсын хувьд өчигдөр 4 хүн шинээр ажиглалтад орж, 39 хүн ажиглалтаас гарч гэрийн тусгаарлалтад шилжсэн. Одоогоор нийт 1856 хүн ажиглалтад тусгаарлагдаж байна. Архаг хууч өвчтэй 116 хүнд 29 их эмч, 59 ресидент эмч тусгаарлалтын байранд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна.

Орон нутгийн 15 чиглэлийн галт тэргэнд Төмөр замын эмнэлгийн 11 эрүүл мэндийн ажилтан ажиллаж, 5400 гаруй хүнд коронавирус илрүүлэх тандалт судалгаа хийсэн. Сэжигтэй тохиолдол илрээгүй байна.

Сүүлийн 24 цагт 119 дугаарын утсанд 156 дуудлага ирсэн. Дуудлагын олонх нь амралтын газарт хүмүүс олноор амарч, амны хаалт зүүхгүй, замбараагүй байна гэсэн шүүмжлэл, сэрэмжлүүлэг байна. Эрүүл мэндийн яамнаас амралт, сувиллын газруудад мөрдөх зөвлөмж гаргасан. Хүмүүс дэлхий нийтээрээ өмнөх шигээ амьдралын хэв маягаар амьдарч болохгүй цаг үе ирсэн гэдгийг ДЭМБ-аас анхааруулсан. Иймд иргэд нөхцөл байдалтайгаа зохицон ДЭМБ, ЭМЯ-наас өгч буй заавар, зөвлөмжийг зайлшгүй дагах хэрэгтэй байна" хэмээлээ.