УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдээс Хүнс, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад хандан “Ноолууран эдлэлийн үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэхэд Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар” тавьсан асуулгын хариуг сонслоо. /Хариуг ЭНД дарж бүрэн эхээр нь уншина уу/

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа "Ч.Улаан сайдаа одоо та болно. Бид юмыг зарчимтай шударга ярих ёстой. Өнөөдөр дэлхийн хэмжээнд ноос, ноолуурын үнийг өсгөх нь бүү хэл, яаж хүнээ хоолтой, ажилтай байлгах вэ гэдэг асуудалтай тулгарч байна. Гэтэл та ноос, ноолуурынхаа үнийг дэлхийн зах зээл дээр өсгөж зарна гээд шал худлаа зүйл ярьж байна. Ингэж болохгүй. Энэ чинь ноолуураараа ажил амьдралаа залгуулдаг малчдад гай болно. 

Шударга хэлэхэд Ч.Улаан сайдын яриад буй энэ асуудал бол бүтэхгүй. Та Ерөнхий сайдад буруу мэдээлэл өгөөд байна. Жишээ нь ноолуур бэлтгэдэг компаниудын 30-хан хувьд нь 300 тэрбум төгрөг гаргаад, үндэсний үйлдвэрлэгч наад зээлийг чинь авахгүй гээд байхад цөөн хэдэн аймагт ноолуурын дундаж үнэ 105.000 хүрлээ гэж үлгэр ярьж буй чинь монголчуудаа хуурч байна гэсэн үг. Тийм учраас би Ч.Улаан сайдад ганцхан зүйл хэлье.

Одоо тэр хуучин цагийн төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үеийн бодлогоосоо сал. Би таны дор ажиллаж байсан хүний хувьд зүрхэлж хэлэхэд Та хоцрогджээ. Ноолуур бол малчдын хувьд хамгийн чухал зүйл. Үүн дээр нь та улстөрийн тоглолт хийж, 105.000 төгрөгөөр авна гэж тоглож, хүний амьдрал сүйрүүлж болохгүй. Зах зээл явдаг замаааа явах ёстой" хэмээлээ.

Хариуд нь ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан "Асуудалд бодитой хандах ёстой. Дэлхийн зах зээлийн үнэ, манай ноолуурын 95 хувийг худалдаж авдаг БНХАУ-ын зах зээлийн үнэ бидний энэ үнээс 30-40 хувиар өндөр байна. 

Энэ бол нэмэгдүүлж тогтоосон үнэ биш. Өнгөрсөн жилтэй харьцуулахад 30 хувиар доогуур тооцоо хийж байна. Зах зээлийн хямралыг тооцож үзэж, хандлагыг нь ажиглахыг хичээгээд ийм ханшийн мэдээлэл өгч байна. Хэрвээ баримжаа ханшийн мэдээлэл өгөхгүй бол юу болох юм. Малчид мэдээлэлгүй учраас очсон хүний аманд багтаад 20.000 төгрөгөөр ноолуураа зарах болно. Ийм байж таарахгүй гэж би бодож байна.

Үндсэн хуульдаа төрийн зохицуулалт төрийн зохицуулалттай зах зээлийг хэрэгжүүлнэ гэж заасан. Зохицуулах хоёрхон үнэ байгаа нь зэсийн баяжмал болон ноолуур. Тиймээс дундаж болон доод үнийн баримжааг ард иргэддээ зааж өгөх ёстой. Тэгэхээр би үүнийгээ буруу гэж бодохгүй байна Д.Хаянхярваа гишүүнээ. Бид зөвхөн өнөөдрөөр амьдарч болохгүй, дунд болон урт хугацааны төлөвлөлтийг хийх учиртай. Ноолуурыг өндөр үнэ хүргэж зарахын төлөө би хатуу зогсоно, ухрахгүй" гэв.