УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа Засгийн газрыг ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан гишүүдээ хамгаалж байна, мөн хүлээсэн үүрэг, хариуцлагаа биелүүлэхгүй байна гэж үзэн Засгийн газрыг огцруулах саналд УИХ-ын гишүүдийн гарын үсгийг цуглуулж эхэлсэн гэдгээ өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн.

Тэгвэл тэрээр өнөөдөр Засгийн газрыг огцруулахыг дэмжиж буй УИХ-ын 27 гишүүний гарын үсэг бүхий албан бичгийг УИХ-ын дарга М.Энхболдолд өргөн мэдүүлжээ.

Энэ талаараа яг одоо сэтгүүлчдэд мэдээлэл өгч байна.

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа "УИХ-ын 27 гишүүн дөнгөж сая УИХ-ын дарга М.Энхболдод Засгийн газрыг огцруулах тухай албан бичгийг гардуулж өглөө. Үүнийхээ төлөө Монголын ард түмнээсээ хүлцэл өчиж байна. Гэвч Засгийн газрыг огцруулахаас өөр арга байхгүй байна" хэмээн мэдэгдлээ.

Мэдээллийг дүрс бичлэгээр шууд хүргэж байна.