Залуу судлаачдыг дэмжих сангийн тэргүүн Д.Жаргалсайхантай хийж буй цувралаа ярилцлагаа хүргэж байна. Бидний энэ удаагийн хөндсөн сэдэв маань боловсрол. Боловсрол гэж чухам юу вэ, яагаад бид энэ талаарх ойлголт мэдлэгээ цэгцлэх ёстой вэ, гарц, гаргалгаа нь юу байж болох талаар ярилцлаа. 

Бидний цуврал ярилцлагын төвд систем гэдэг ойлголт зонхилдог. Систем гэдэг нь ямар нэг пуужин эсвэл сансрын хөлөг эсвэл физик химийн тэгшитгэлийн тухай яриа биш юм. Энэ бол аливаа зүйлийг таньж мэдэхэд шаардлагатай цэгцтэй цогц болгосон сэтгэлгээний хэв маяг юм.


-Сүүлийн үед бүгд л боловсролын тогтолцооны асуудлын талаар ярихгүй хүн гэж ховор болжээ. Тэгвэл бид энэ талаар ярихаас өмнө яагаад боловсролын талаарх ойлголтоо нэгтгэх ёстой вэ?


-Бидэнд боловсрол гэдэг ойлголтын талаар нэгдсэн ойлголт, загвар гэж зүйл алга. Нэгэнт нэгдсэн ойлголт байхгүй учраас хүн болгон өөрийнхөөрөө тайлбарладаг,зөрчилдөөнтэй тэр олон ойлголтын зөрүү нь яваандаа хэрүүл, бухимдал гэх мэт  нийгмийн асуудлуудыг үүсгэх шалтгаан нь болдог. Сайн тал нь боловсрол болохгүй байна, өөрчилье гэж бүгдээрээ шахуу ярьж байна. Болохгүйг нь мэдэж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ чухам юуг нь өөрчлөх ёстой вэ гэхээр бүгдийнх нь ойлголт зөрдөг. 

Нэн түрүүнд бид боловсролын тогтолцоог сууриас нь буюу боловсрол гэж юуг вэ гэдгийг тодорхойлох хэрэгтэй байна. Бас сайжруулж хөгжүүлсэн боловсролын тогтолцоо гэж ямар хэв шинжтэй тогтолцоог, бас тогтолцоо гэж юуг хэлээд байгаагаа эхлээд тодорхойлох  хэрэгтэй байна.

Үүнийг байшинтай жишиж тайлбарлая. Зуслангийн байшингаа томруулж өөрчлөх гэж байна гэж төсөөлье. Нэг өглөө сэрэнгүүтээ манай байшин болохгүй байна, ерөөсөө л өөрчилье гээд шууд хаанаас нь ч хамаагүй нураагаад эсвэл өөрчлөөд эхэлдэггүй шүү дээ.

Яагаад гэвэл өөрчлөх явцад даацын багана таарч нурвал яана, байшин ч үгүй хоцрох зэрэг таны хүсээгүй үр дагавар үүсэх эрсдэл гарна. Иймээс эхлээд гэр бүлээрээ  ярилцаж байшин чухам ямар болох талаар ойлголтоо нэг болгоод дараа нь суурь, даацын баганадаа тохируулж өөрчлөлтийн ерөнхий зураглалаа гаргаж таарна аа даа. Үүнтэй адилхан бид сайжруулж өөрчилснөөр бий болгох боловсролын тогтолцооныхоо  загварыг гаргахгүйгээр тогтолцоогоо өөрчилнө гээд л манаргаад байгаа санагдах юм. 


-Одоогийн мөрдөж байгаа хуульд боловсролыг тодорхойлсон байж таарна. Чухам юу гэж тодорхойлсон байдаг вэ?

-Бидний сэтгэлгээ их замбараагүй, мохоо болчихсон мэт санагддаг.

Боловсролын тухай хуульд боловсрол гэдгийг сургах үйл ажиллагаа, хүүхдүүдийн мэдлэг ур чадварын түвшин гэж хоёр янзаар тодорхойлжээ. Гэтэл бид хүүхдүүддээ боловсрол олгоно гээд яриад байдаг. Энэ хуулиар бол бид чинь хүүхдүүддээ нэг бол үйл ажиллагаа эсвэл түвшин олгох болж таараад байна. Тэр хуулийг нь бариад багш нар боловсрол олгох ажлаа хийдэг.

Ойлголтын зөрүү, түүний сөрөг үр дагавар  эндээс илт харагдаж байгаа биз. 

Энэ мэтийн ерөнхийлдөг, бэлэнчилдэг сэтгэлгээний улмаас бид хүүхдүүддээ боловсрол олгож байгаагаа ч хэмжиж чадахгүй хий дэмий баахан бие биенээ буруутгасан , бухимдсан улс болжээ. Хуульд хэрэглэж байгаа үг, ойлголт  бүрийн утга нь тодорхой, хэмжиж болдог байх учиртай. Хуулийг бариад хүнийг шүүдэг, бүүр цаазалдаг шүү дээ.  


-Тэгвэл гадаад  улс орнуудад боловсролыг хэрхэн тодорхойлсон байдаг вэ?

-Надад байгаа мэдээллээс үзэхэд барууны улс орнуудад ч энэ ойлголт төгс болчхоогүй. Боловсролын тухай ойлголтыг дэлхий даяараа хэлэлцээд, маргаад , мэтгэлцээд л байна.  Нэлээд зонхилох хэсэг нь боловсрол бол цэгцтэй сэтгэх, танин мэдэх ур чадвар мөн гэдэг ойлголт дээр нэгдэж байгаа нь ажиглагдсан.  Боловсролыг илүү хүртээмжтэй , үр дүнтэй болгохын төлөө хөтөлбөрүүд гаргаж байна.  

Одоогоор  боломжит  хувилбараар Финландын боловсролыг хөтөлбөрийг нэрлэдэг. Хүүхдүүдээ бие биетэйгээ хамтарч чаддаг арга барилд сургадаг, бодох сэтгэх замаар бүтээлч сэтгэлгээг хөгжүүлдэг, өөрөөр хэлбэл шинэ мэдлэг бүтээдэг арга барил руу чиглүүлдгээрээ давуу талтай гэж үзээд байгаа юм.



-Гадны улс орнуудын бэлэн хувилбарыг ашигласнаар бид боловсролын салбарт байгаа асуудлаа цэгцлэх боломжтой юу?

-Боловсрол гэдэг ойлголтынхоо цаад мөн чанарыг бид өөрсдөө  таньж мэдээгүй цагт бид энд тэндхийн  бэлэн загварыг хуулбарлан аваад ямар нэмэр байхгүй. Бусад оронд амжилттай хэрэгжсэн хэчнээн ч сайхан загвар хөтөлбөрийг Монголд хуулбарлан суурилуулах гээд нэмэргүй. Үүнийг боловсролын салбарт хэрэгжсэн олон хөтөлбөр харуулчихлаа.

“Системийн сэтгэлгээ” номдоо Д.Бадарч багшийн онцолсон сайхан  жишээ байдаг юм. Дэлхийд алдартай Rolls Royce машины хөдөлгүүрийг бидний сайн мэдэх УАЗ 469 гэж нэрлэж заншсан машинд суурилуулж тавих гэж оролдвол  юу болох бол? 

Нэг нэгэндээ таарахгүй, тэс ондоо, өөр өөр хүмүүс өөрсдийнхөө оюун санааны загварыг ашиглан бүтээсэн  систем, тогтолцоонууд  учраас маш олон асуудал гарч таарна аа даа. Эцэст нь нөгөө алдарт хөдөлгүүрийг нэг мөсөн өөрчилж УАЗ 469 хөдөлгүүр болгох эсвэл УАЗ 469 машинаа өөрчилж Rolls Royce болгохоос аргагүй болно. Ингэхгүйгээр энэ хоёр эд анги хэзээ ч нэгэндээ шууд таарахгүй.

Эндээс харахад боловсрол гэж юу юм бэ гэдгээ өөрсдөө сайн таньж мэдэж байж дараа нь түүнийгээ сайжруулж, өөрчлөх хэрэгтэй гэдэг нь харагдаж байгаа биз.


-Гэхдээ тэд ч бас бидний туулсан алдааг тойрч биш дайрч гарсан байж таарна. Илүү бодитой гарц шийдэл буюу тэднээс ямар зүйлийг та онцлон сурах ёстой гэж зөвлөх вэ? 

-Амжилт гэж бидний нэрлэдэг үр дүн бол заавал бүтэлгүйтэл, гашуун туршлагагэдэг шатаар өгсөж очдог зүйл. 

Бид бусдын амжилтыг л судлаад байна. Амжилттай болсон үр дүнг  нь шууд copy paste хийж хуулах гээд байх юм. Үүний оронд яаж зовж зүдэрснийг нь, алдаж оносон гашуун туршлагыг нь  судлах хэрэгтэй юм. Бидний өмнө тулгарсан бодит зовлон, бэрхшээлтэйгээ харьцуулан байж  судалж дүгнэвэл зохих мэт санагдана. 

Үнэндээ бидний мундаг гээд байгаа улс орнууд өөрсдийгөө төгс хөгжсөн гэж үздэггүй. Тэд маш их асуудалтай гэдгээ хүлээн зөвшөөрчихсөн байдаг. Тийм ч учраас өөрсдийнхөө өмнө тулгарсан олон том асуудлуудаа шийдэх гарц гаргалгааг чанартай боловсрол гэж үздэг юм билээ. 


-Сайхан хөтөлбөр руу шуурах биш судалгаатай хандах ёстойг ойлгосон байх нь ээ?

-Тэд бидний одоо туулж байгаа энэ төвэгтэй хэцүү замыг туулж гашуун үр дагаврыг нь амсчихсан гэж бодогддог. Аливаа асуудалд тэр дундаа боловсролын асуудалд сэтгэлийн хөөрлөөр хандаж болдоггүй гэдгийг яс махандаа тултал ойлгочихсонд тэдний давуу тал байгаа юм. 

Гадныхан аливаа тулгарсан асуудлаа, түүнийг үүсгэж байгаа шалтгаануудыг  ул суурьтайгаар иргэдийнхээ оролцоотойгоор маш нухацтай  судалдаг. 

Ингэснээрээ  суурь ойлголтууд, тулгарсан асуудлууд, түүнийг үүсгэж байгаа шалтгаануудын талаар нэгдмэл ойлголттой болдог  гэсэн үг. Тулгуур ойлголтуудын хэв шинжүүдийг нарийн судалж хэлэлцэнэ гэдэг бол бид хоорондоо нэг хэлээр ярих боломжтой болж байна гэсэн үг. 

Ойлголт нэг болно гэдэг чинь зорилго нь ч бас нэг болно гэсэн үг шүү дээ. Ингэж байж л гэнэтийн өөрчлөлтөд савалгаа багатай, зорилгоо тууштай хэрэгжүүлдэг  тогтолцоог бүрдүүлж чадна.  


-Манайд мэдлэгийг цээжлэх гэж ойлгодог, хүүхдийг академик боловсролоор хэт нүддэг тал бий. Энэ нь өөрөө боловсролын тухай ойлголт гажуудсаны нэг илрэл мөн үү?

-Хүрд тоо цээжлэхийг чухалчилдаг, хүүхдийг утга учиргүй их даалгавраар дардаг арга барилтай байсаар  удлаа. Өөрсдөө ч дасал болчихсон юм уу даа. Хүүхдүүд нь олон тоо, үсэг, хүрдийг сайн  цээжилчихвэл бахархаад магтаад байна. Үүнээс ямар үр дүн гарна гэж, тоо цээжлээд IQ өндөртэй мундаг хүн болчихно гэж үү.

Цээжлэх чадвар нь чухал чадвар мөн боловч боловсрол биш, зүгээр л боловсролтой болоход дэм болдог ой тогтоолтын чадвар юм. Боловсролын тухай бидний ойлголт шуудайд хийсэн үхрийн эвэр шиг  байгаагийн илрэл.


-Хуучин нийгмийн боловсролын тухай ойлголт хэвээрээ явааг харуулж байна гэж ойлгож болох уу?

-Бидний оюун санаанд Зөвлөлтийн үеэс бидэнд өгсөн хуучин  ойлголтууд  нэн хүчтэй хэвээр байна. Бас нэг хэсэг маань барууны орнуудын боловсролын тогтолцоонд чанагдчихсан, тэдний загварыг нийтэд санал болгоод явж байна. 

Аль алинд нь авах гээх юм их байна. Төгс тогтолцоо байдаг байсан бол хүн төрөлхтөн чинь өдийд ямар ч асуудалгүй сайхан аж төрж байх учиртай. Гэтэл яг үнэндээ хүн төрөлхтөн өнөөгийн шиг их асуудалтай урьд өмнө тулж байгаагүй байх. 

Эндээс бид нэг баттай  дүгнэлтийг хийж болно. Төгс  төгөлдөр боловсролын тогтолцоо хаана ч байхгүй. Тэгэхээр copy past гэдэг аргыг боловсролын тогтолцоогоо сайжруулахад хэрэглэж болохгүй нь.

Нөгөө талаасаа манай боловсролын өнөөгийн тогтолцоо нь үлэмж үрэлгэн, үр дүн муутай байна. Өөрөөр хэлбэл бидний хүүхдүүдийн ирээдүйг хорлож байна. Ингэхээр зүгээр суугаад байж бас боломгүй. 

Үүнээс үүдээд өөрсдийнхөө нөхцөл байдалд илүү тохирсон тогтолцооны  загварыг боловсруулж гаргах арга л бидэнд байна гэсэн дүгнэлт рүү өөрийн эрхгүй орчихоод байгаа юм.  Өөр сонголт байх ч үгүй гэж бодогдоно. 


-Тэгвэл хүүхдүүдээ бид ямар арга, сэтгэлгээнд суралцуулах нь илүү оновчтой бол?

-Хүүхдийг бид багаас нь бүтээлч сэтгэлгээнд, цэгцтэй бодож сэтгэх аргад суралцуулмаар байна.  Бодож сэтгэж байж л  хүн өөртөө хэрэгтэй  мэдлэгийг бий болгодог юм билээ. Тэрнээс хэн нэгэн,  эцэг, эх нь ч юм уу багш ч юм уу хэлж өгснөөр мэдлэгийг хүүхдийн оюун санаанд бий болгодоггүй. 

Харин танин мэдэх аргуудыг хүүхдүүдтэй хамтдаа янз бүрийн түвшиний практик тохиолдлуудад тохируулан хэрэглэж, туршиж үзэх аргаар хүүхдэд цэгцтэй бодох, сэтгэх, мэдлэгийг үйлдвэрлэх аргыг системтэйгээр эзэмшүүлэх  нэг арга бидний анхаарлыг их татаж байгаа. Ийм аргыг хэрэглэн зарим нэг сонирхолтой судалгаануудыг  залуучуудтай хамтран хийж үзсэн. Үр дүн нь боломжийн  санагдсан шүү.  


-Бид боловсролын салбарт асуудал байна гэж нэлээд ярих болсон. Асуудал энэ чигээрээ яваад байвал ямар үр дагаварт хүргэх бол ?

-Олзуурхууштай нь манай иргэд, ялангуяа залуучууд  мөнгө хөөхөөс илүү эрдэм мэдлэг, танин мэдэх арга барилыг илүү сонирхдог болсон байна. Энэ бол иргэдийн оюун санаанд гарч байгаа маш чухал эерэг чанарын өөрчлөлт. Тэгэхээр чанартай боловсролыг хүмүүс хүсэмжилдэг, тийм аливаа санаачилгыг дэмжихэд бэлэн байна гэсэн үг. 

Өнөөдөр боловсролын салбарт тулгамдаад байгаа бүх асуудлыг шийдэх тийм ч  амар биш. Нөгөө талаасаа боловсролын чанар, тогтолцоогоо засаж залруулах оролдлого, шийдлийг цаг алдалгүй хийхгүй бол өнөөгийн бидний өмнө тулгарсан асуудлууд дараа дараагийн олон олон асуудлуудыг төрүүлж бидний бухимдал улам их болох байх. 

Магадгүй нөгөө хуучин  нийгэмд хүн бүрийг захирдаг байсан “хатуу чанга гар”-ыг хүсэмжилдэг хэсэг маань  улам олширно байх.


-Та бид хоёрын удаа дараа ярилцаж байсан сэтгэлгээний асуудал энд саад болж байна гэж ойлголоо…?

-Аливаа зүйл заавал сайжирч байх ёстой. Сайжрах зайлшгүй хэрэгцээ шаардлага нь бид бүхнийг хүрээлэн байгаа орчин буюу нийгэм, эдийн засаг, байгаль орчин, бүс нутгийн хөгжил, технологийн хүрээнд явагдаж байгаа хурдтай, эрчтэй өөрчлөлтүүдэд дасан зохицох хэрэгцээнээс урган гарч  байна.

Хүрээлэн байгаа орчны эрс түргэн өөрчлөлтөөс улбаалаад бид ч гэсэн сэтгэлгээгээ болон сэтгэлгээний үндсэн суурь нэгж болсон ойлголтуудаа өөрчлөхөөс өөр сонголт алга.

Бидний хэлдэг үг болгоны цаана бүхэл бүтэн цогц ойлголтууд байдгийг бидний зарим маань анзаардаггүй.

Өөрчлөлтүүд маш хурдтайгаар өрнөж байгаа учраас бидний өөрчлөлт бас хурдтай өөрчлөгдөх шаардлагатай. Ингэж ойлголтуудаа, сэтгэлгээгээ дээрх өөрчлөлтүүдэд нийцүүлэн хурдтай өөрчлөх, түүгээр барахгүй угтаж, амдаж өөрчлөх шийдлийг боловсруулан  гаргах хэрэгтэй болжээ.


-Боловсролын хуулийг өөрчлөөгүй салбарын сайд байхгүй гэж шүүмжилдэг. Үнэн байдал нь ч тэр. Үүнийг боловсролын тухай ойлголтоо цэгцлээгүйн балаг гэж ойлгож болох уу?

-Сүүлийн үед засаг төр байсхийгээд л солигддог болчихсон, түүнийгээ дагаад аль ч салбарын шинээр томилогдсон сайдууд хууль өөрчлөх, хууль санаачлах нь моодонд орчихсон гэлтэй. Хуулийг өөрчилснийгөө их том ажил хийчихлээ гэж итгэцгээдэг  бололтой.  

Иргэд маань ч сайд, дарга нар л өөрчлөлт авчирна, бид зөвхөн шүүмжлэх эрхтэй гээд итгэчихсэн. Хууль бидний хүссэн үр дүнг бий болгож чадахгүй, чанар муутай бол засалгүй яахав. Хэн ч маргахгүй. Тэгэхдээ тэр асуудал үүсгээд байгаа хуулийг боловсруулахдаа бид юуг дутуу тооцов, юуг дутуу судлав, зорилгоо оновчтой тодорхойлж чадав уу гэх мэтийн олон асуултуудад хариултуудыг олох  хэрэгтэй. 

Энгийнээр хэлбэл, өөрсдийнхөө сэтгэлгээ, түүний эмх цэгц, өөрчлөлтөд оношилгоо хийх хэрэгтэй гэсэн үг.  Алдарт Эйнштейний үг байдаг. “Хэрвээ танд асуудал үүсгэсэн сэтгэлгээ чинь хэвээрээ байгаа бол та асуудалтайгаа хэвээрээ л байх болно” гэж. Мөн ч онож хэлсэн үг шүү. 

Бүтэлгүйтэхээрээ  буруутан хайдаг, бүтэлгүйтлийн шалтгааныг  өөрөөсөө өөр хэн нэгэнд тохдог  муу зуршил бидний оюун санаанд амь бөхтэй оршиж иржээ. Тэр зуршлынхаа  золиос нь бид өөрсдөө, бидний үр хүүхдийн ирээдүй болж байна. 

Аль нэг шинээр сонгогдсон  улс төрч, улс төрийн намуудын  санал болгосон, тулгасан, нарийн тооцоололгүй элдэв гоё нэртэй бодлого, хөтөлбөр, хуулиуд замбараагаа алдлаа. Монголын иргэд бид ямар тэдний туршилтын туулай юм уу?  Одоо үүнийг зогсоох цаг нь болсон. 

Иргэд бид ч гэсэн аливаа  асуудлыг засаг төр, сайд дарга нартаа даатгадаг, залхуу бас замбараагүй  сэтгэлгээнээсээ салмаар байна. Хүсээд, хүсэмжлээд байгаа тэр тогтолцооныхоо загвар, төрхийг өөрсдөө судалж хөгжүүлж зохиож гаргах хэрэгтэй болжээ. 


-Бидний боловсролын талаарх ойлголт хуучирсан гэж дурдсан. Таны бодлоор боловсрол бидэнд чухам юу өгөх ёстой зүйл юм бэ?

-Манайд ч зарим гадаад орнуудад ч тэр “багш эсвэл  сургууль нь хүн төрөлхтний  урьд нь бий болгосон мэдлэгийг хүүхэд залуучуудын  ухаан  санаанд суулгах замаар боловсролыг  олгодог ” гэдэг оюун санааны загвар зонхилсоор байна. Энэ оюуны загвар маань өнөөдрийн манай боловсролын тогтолцооны зорилгын хамгийн учир битүүлэг бөгөөд бодит амьдрал дээр хэмжиж шалгаж болдоггүй хэсэг нь болчихоод  байгаа юм. Гэтэл бидэнд хэмжиж, шалгаж  болдог “ боловсрол” хэрэгтэй байдаг.  

Тийм учраас мэдлэг олгоно гэхээсээ илүү мэдлэг үйлдвэрлэдэг арга барилыг эзэмшүүлэх нь манай улсын  боловсролын тогтолцооны эрхэм зорилго байж болох юм гэж харж байна. 

Боловсрол гэдгийг өөрсдөө эхлээд ойлгохын  тулд хүн яаж боддог, сэтгэдгийг ойлгож нэгдмэл ойлголттой болох шаардлагатай тулгарч байна. Хүн төрөлхтөн энэ талаар нэгдсэн ойлголттой болж хараахан амжаагүй ч танин мэдэхүйн маш үр дүнтэй аргуудыг бий болгож ашиглаж, үнэ цэнийг бүтээж байна.


-Та мэдлэг үйлдвэрлэнэ гэж ярьдаг.Үүнийг тайлбарлавал?

-Ер нь хүн гэдэг амьтан чинь өөрийнхөө мөн чанарын хувьд мэдлэгийг үйлдвэрлэгч юм шүү дээ. Бүр зогсоо зайгүй мэдлэг үйлдвэрлэнэ гээч. 

Тэгэхгүй бол ямар нэг аюул заналд өртөнө, бэртэнэ, гэмтэнэ, өлсөнө, цангана, харангадна. Ингээд хоол олж идэх, удаа олж уух гэх мэтийн хэрэгцээгээ хангах арга замаа судална, бас тийм аргаа оюун санаандаа бүтээнэ.Үүнийг бид мэдлэг бүтээх гэж ч нэрлэдэг, бодох гэж ч нэрлэдэг, судлах гэж ч бас нэрлэдэг.  Харамсалтай нь бидний дийлэнх маань үүнийг ухамсарлаж ойлгодоггүй, түүгээр үл барам мэдлэг үйлдвэрлэж чаддаг хэсэг хүмүүс тусдаа оршиж байдаг мэтээр төсөөлдөг. 

Ийм төөрөгдлөөсөө салж чадвал бид боловсрол гэдэг зүйл чинь хүн болгонд байдаг, түүгээр хүн болгон ирээдүйгээ бүтээдэг чадвар юм гэдгийг төвөггүй ойлгоно.

Боловсролыг заавал нэр хүндтэй, өндөр төлбөртэй сургууль, дамжаанд сурснаар биш, хүн өөрийнхөө байгалиас заяагдмал чанар буюу бодох сэтгэх боломжийг илүү тод ухамсарлаж бас түүнийгээ эмх цэгцтэй ашиглаж чадвал өөрөө өөртөө олгож чадна. Эйнштейний хэлсэн бас нэг алдарт үг бий.  “Боловсрол гэдэг урьд нь бий болсон баримт фактыг сурах тухай асуудал биш. Энэ бол сэтгэн бодоход суралцах арга юм” гэж гайхалтайгаар оновчтой  хэлсэн байдаг.  Энэ хүний энэ үгэнд байгаа гол санааг та бид боловсролын тогтолцооны эрхэм зорилгыг тодорхойлоход суурь зарчим болгон авчихмаар санагддаг. 


-Үзэл баримтлал ч юм уу өөр ямар нэгэн хийсвэр ойлголтыг тодорхойлох амаргүй. Та боловсролыг системийн инженерчлэлийн аргаар тодорхойлж болно гэж үздэг судлаачийн нэг.  Энэ аргыг дэлхийн томоохон судалгаанд яагаад онцлон ашигладаг юм бол?

-Хийсвэр ойлголтуудыг загварчилж дүрслэхэд ихээхэн төвөгтэй нь үнэн. Гэхдээ тодорхойлох боломжтой.

Тэр арга нь системийн инженерчлэлийн арга юм. Орчин үед хөгжлийнхөө нэлээд өндөрлөгт гарсан системийн онол, системийн инженерчлэлийн аргаар нийгмийг бүрдүүлж буй динамик шинж чанартай харилцааны ойлголтуудыг  загварчлах боломжтой болсон. Ихээхэн төвөгтэй үйлдлүүдийг гүйцэтгэдэг  системүүдийг ч энэ аргаар загварчлаад байна. Энэ аргаар боловсрол гэж юу юм бэ, боловсролын тогтолцоо гэж юу юм бэ гэдгийг олон талаас нь хэлэлцэж загварчлах бүрэн боломжтой.


-Оюун санаандаа  загвар, төсөөлөл  гаргана гэсэн үг байх нь ээ?

-Загвар гаргах гэдэг үйл нь хүн тодорхой зорилготойгоор оюун санаандаа хийсвэрлэн бодох замаар хийж буй оюуны  үйлдлүүдээс бүрддэг.

Монголчууд маань ургуулан бодно ч гэж хэлдэг шүү дээ. Энэхүү хийсвэрлэн бодох, ургуулан бодох гэдэг чинь бас тодорхой дэс дараалал, эмх цэгцтэйгээр явагдах ёстой процесс, үйлдлүүд юм. Системийн инженерчлэлийн аргуудын ард талд бидний хөгжүүлж  буй цэгцтэй танин мэдэхүйн  арга байгаа юм. Цэгцтэй танин мэдэхүйн арга нь  логик сэтгэлгээ, системийн сэтгэлгээ, сэтгэл зүйн суурь шийдлүүд дээр суурилсан байдаг.  

Аливаа тулгарсан асуудлуудыг шийдэхэд чиглэсэн олон шийдлүүдийг бүгдийг нь хооронд нь тааруулж тохируулж  угсарснаар , бие биеэ дэмждэг, нэг цогц тогтолцоо болгодог. Үүнийг  системийн инженерчлэлийн арга гээд байгаа юм.

Энэ бол хэний ч өмнө тулгарсан аливаа асуудлыг шийдвэрлэх арга замыг хайж олох, шийдвэрлэхэд хэрэглэж болох  оюун санааны хэрэгсэл шүү дээ.

Энэхүү  аргыг ашиглаад манай Залуу судлаачдыг дэмжих сан  “ЕБС-ийн жишиг загварын суурь хэв шинжүүдийг тодорхойлж, системийн загвараар дүрслэх нь ” сэдэвт судалгааны ажил хийсэн.  Бид энэ судалгааныхаа тайланг  сайтдаа нээлттэй тавьсан, сонирхсон хэн ч орж үзэж болно. 


-Энэ судалгаанаас гарсан хамгийн гол үр дүн юу байв, боловсролыг хэрхэн тодорхойлсон бэ?

-Судалгаагаар бид олон талын мэргэжилтэй судлаачдыг нэгтгэж системийн сэтгэлгээний болон логикийн арга ашиглаж боловсрол гэдэг ойлголтыг томьёолж үзсэн. Мэдээж төгс төгөлдөр томьёолол гаргаж чадаагүй. Гэвч тулгуур ойлголтуудын хэв шинжүүдийг цэгцтэйгээр тодорхойлж гаргах арга маань үр дүнтэй нь нотлогдсон. Үүний дараа сургах, боловсрол олгох гэх мэт нийлмэл ойлголтыг судалсан. Сургана гэдэг ойлголт бас тусдаа зүйл. Боловсрол, сургах гэдэг ойлголт логикийн хувьд зөрчилгүйгээр хэрэглэгдэх ёстой. Энэ ойлголтуудыг бид ялгаж салгаж мэдэж авах хэрэгтэй  байна.  

Бид үүнээс гадна сургууль гэдэг ойлголтыг тодорхойлсон. Сургууль гэхээр байшин л төсөөлдөг, гаднаас нь хараад олон давхар байвал гоё сургууль гэж дүгнэдэг. Гэтэл үнэн хэрэг дээрээ сургууль гэдэг байшингийн тухай ойлголт биш юм. Сургууль бол сургалт явуулах орчин болон нөөцүүдийн бүрдэл мөн. 


Харин сургалт гэдэг нь тодорхой хувь хүмүүст боловсрол олгох зорилготойгоор оролцогч талуу бие биетэйгээ харилцан уялдаатай гүйцэтгэдэг үүргүүдийн цогц гэж үзэж болох  юм. Тухайлбал, эцэг эх, багш нар, сургуулийн захиргаа, Засгийн газар, УИХ, шүүх засаг гээд бүх субъектүүд тодорхой үүргүүдийг гүйцэтгэж оролцох ёстой болно. 

Боловсрол гэдэг зөвхөн багш нарт хамааралтай асуудал биш. Боловсролын үйл хэрэгт хамааралгүй, үр шимийг нь хүртдэггүй нэг ч хүн манай нийгэмд байхгүй, байх ч есгүй. Нэгэнт үр шимийг нь хүртэж байгаа бол эдгээр оролцогч талууд толгой дараалан  үүрэг хүлээж нэгдмэл зорилгыг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд заавал хувь нэмрээ оруулах нь шударга ёсонд нийцэх байх. Ийм олон оролцогч талуудын гүйцэтгэдэг үүргүүдийг нэгдмэл зорилгод захируулан харилцан уялдуулснаар  нөгөө тогтолцоо гэдэг зүйл маань бий болдог. 


-Боловсролын салбарын асуудал нь ойлголтоо нэгтгээгүйд, том зургаар нь харж чадахгүй байна гэж ойлголоо. Бид цаашид яах ёстой вэ?

-Хүнийг эмчлэхийн тулд эхлээд заавал оношлох хэрэгтэй. Тэр оношилгоо нь шинжилгээний дүгнэлтэд үндэслэсэн байх учиртай. Шинжилгээгээр гарсан дата буюу чанартай өгөгдлийг эрүүл хүний бие организмын хэв шинжийг илэрхийлдэг тодорхой тоон утгуудтай харьцуулж үзээд  эмч онош тавьдаг шүү дээ. Хэрвээ эрүүл хүний загвар, өгөгдөл байхгүй бол эмч оношоо тогтоож чадахгүй. Тэгэхээр оношилно гэдэг ямар нэгэн дата/өгөгдлийг ашиглаж харьцуулах замаар хийгддэг байгаа  биз. Үүний дараа л оношийг  бүрэн алдаа мадаггүй тогтоож, ямар эмчилгээ хийх нь тодорхой болдог. 

Бидний ярьж байгаа боловсролын тогтолцоон дээр  үүнийг авч үзье. Одоо шууд л тогтолцоогоо өөрчлөх гээд шийдлүүд санал болгож байгаа нь шинжилгээ, оношло-оо хийхгүйгээр шууд эмчлэх гээд байгаатай л адил юм уу даа. Бодоод үз л дээ, оношлоогүй хэрнээ хүчтэй антибиотик ууж , тариа тариулаад байвал юу болох билээ?  

Оношилж шинжилсний дараа  шинээр бий болгох гэж байгаа боловсролын тогтолцооныхоо загварыг  тодорхойлж гаргамаар байна. 


-Загвартай болчихвол боловсролын асуудал цэгцэрч чадах уу? 

-Тэр загвар төгс байх албагүй. Тийм төгс загвар гаргаж бид чадахгүй, ер нь боломжгүй. Хамгийн гол нь огт загваргүй байж болохгүй. Ямартай ч  нэг загвар гаргаад, хэлэлцээд  түүнийгээ хэрэгжүүлэхэд шаардлагатай хууль, дүрмүүдээ батлан гаргаад  ажиллуулаад үзвэл яасан юм ? Тэгээд түүнийгээ байнга оношлож шинжилнэ, засаж сайжруулна, өөрчилнө, тордоно. Тэгсээр байгаад  сайн загвартай болно шүү дээ.

Ингэхгүйгээр шууд л Японы эсвэл Сингапурын боловсрол супер, Кембрижийн сургалтыг дуурайя гэж уулгалж дайраад байж таарахгүй. Тэдний хүрээлэн байгаа орчин, ёс заншил, уламжлал, сэтгэлгээний хэв маяг биднийхээс  их өөр. Мэдээж тэдний алдаа онооноос суралцалгүй яахав. 

Бас боловсрол олгосноор иргэдээ бид булчин шөрмөстэй, нум сум харвадаг, морь уядаг, бөх сайн барилддаг  хүнийг бэлдэх ёстой юм уу эсвэл мэдлэг, үнэ цэн бүтээж чаддаг  хүн болгон төлөвшүүлэх гээд байгаа юм уу гэдгээ мэдэхгүй, шийдэж чадахгүй л явна. Бид 21 дүгээр зуунд ямар монгол хүнийг бэлдэх гээд байгаа юм бэ гэдэг асуултад яв цав хариулт болох  загвараа бас гаргах шаардлагатай нүүр тулаад байна.

Тэр загвараа гаргачхаад түүнийгээ боловсролын тогтолцооны гол зорилго болгох ёстой юм. 

Ийм тодорхой, хэмжигдэх боломжтой нэгдмэл зорилгоор зангидагдсан тогтолцооны загвараа гаргахгүй  бол  бид төөрч будилсаар, өөрсдийгөө эцэс төгсгөлгүй эмх замбараагүй  “туршилтын туулай” болгосоор хамаг тамир тэвчээрээ барах нь. 


-Тэгэхээр бидний ярьж байгаа боловсролын ойлголт ч бидний сэтгэлгээ ч цэгцгүй гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс эхлэх ёстой болж таарлаа…?

-Миний бодлоор  өндөр хөгжсөн орнуудын иргэдийн сэтгэлгээ биднийхээс хамаагүй илүү цэгцтэй байна. Монголын өнөөгийн нийгэмд үүсээд байгаа энэ бүх асуудал бол бидний эмх цэгцгүй сэтгэлгээний шууд үр дагавар юм.

Бид юуны өмнө өөрсдийн сэтгэлгээгээ цэгцэлж, бас бүхнийг мэддэггүй гэдгээ хүлээн зөвшөөрч танин мэдэх арга барилд бүгдээрээ суралцмаар байна.

Ийм  арга барилд сурахгүй бол бидний өмнө тулгарсан олон асуудлууд шийдэгдэхгүй  хэвээрээ байх төдийгүй улам ч олон асуудлуудыг нэмж үүсгэж бид өөрсдийгөө ч, өрөөлийг ч улам бүр бухимдуулах нь дамжиггүй. Эртний Ромын эзэнт гүрэн ид хүчирхэгжин мандаж асан хоёр мянга гаруй жилийн тэртээ “Бүх зам Ром хүрдэг” хэмээх хэлц үүссэн байдаг. Бүх юмны учир начир чухам тэнд л тайлагддаг байжээ.   

Үүний нэгэн адил бидний өмнө байгаа бүх амжилт, бүтэлгүйтлүүд бол бидний оюун санааны, сэтгэлгээний шууд үр дагавар мөн. 



-Буруугаа өөрсдөөсөө л эрэх ёстой байх нь ээ?

-Хэрвээ боловсролын салбарт алдаа эндэгдэл байгаа бол гол буруутан нь бид бүгдээрээ юм. Жирийн нэг ээж аав хүртэл буруутай. Бид ядаж л өөрсдөө эхлээд мэдлэг, ур чадвар, боловсрол, хичээл , зүтгэл гэх мэтийн бидний ирээдүйн зорилго, төлөвлөгөөг  дархалдаг ухагдахуун,  ойлголтуудыг танин мэдэх ажлыг нэн даруй хийж эхэлмээр санагдах юм. 

Өөрсдөө харанхуй байж бид яаж хүүхдүүддээ хүмүүжил, боловсрол олгох ажлыг хийх юм бэ?  

Хүүхдийн боловсролын чанар муу байгаа бол  эцэг, эхэд ч бас хамаатай. Би биеийг нь л төрүүлсэн болохоос… гэх маягийн юм ярьдаг эцэг эхчүүд тааралдах юм. Бизнес эрхлэгчид , ажил олгогчид иргэдийн, тэдний үр хүүхдүүдийн, ирээдүйн ажилтнуудынхаа  мэдлэг, ур чадварыг сайжруулах тал дээр анхаарал дутуу хандуулж байгааг энд тэмдэглэх нь бас зүйтэй. Зөвхөн сайд л ухаантай байж сайн шийд гаргах ёстой гэж үү?, буруу шийдвэр гарвал зөвхөн сайдын л буруу байх уу?   

Өөрсдийнхөө амьдрал,  хувь заяаг аль нэгэн засгийн газар, улс төрчдөд даатгачхаад чухам тэд л бидний өмнөөс бодож сэтгэх ёстой юм шиг эндүүрдэг. Ийм бэлэнчилсэн сэтгэлгээнээс л салмаар байна. 

Ингэж бид өөрсдөө өөрчлөгдөхгүй бол  бид зохих шангаа эрт орой хэзээ нэгэн цагт заавал хүртэнэ, одоо ч хүртсээр ч байгаа.  Өнөөдрийн нийгмийн тулгамдсан асуудал болгоны,  архидалтын, хүчирхийллийн , бухимдлын цаана бидний хуучинсаг, амиа бодсон, ерөнхийлдөг, атаач  сэтгэлгээ явж байна.

Боловсролыг биш баахан брэнд,  хэлбэр хөөсөн хүмүүсийг хар. Тархинд нь юу ч байхгүй хэрнээ бөөн хэлбэр. Энэ болгон чинь  бидний  сэтгэлгээ цэгцгүй,  боловсролын тогтолцоо нь  доголдолтой байгааг бидэнд илт хэлээд байна. 


-Боловсролын шинэчлэлтэй холбоотой хөдөлгөөн нэлээд өрнөж байна. Үүн дээр юу хэлэх вэ?


-Боловсролтой холбоотой хөдөлгөөн санаачилга олон өрнөж, нийгмийн болохгүй байгааг талыг олж харж байна. Дэмжиж байна, гэхдээ дэмжинэ гэдэг нь санал болгож байгаа бүх шийдлүүдтэй бүгдтэй нь санал нэгдсэн гэсэн үг биш. Тэгэхээр хамтраад боловсролын тогтолцоондоо шинжилгээ хийж улмаар загвараа гаргая гэж залуустаа  уриалж байна.  

Манай Үндсэн хуулийн үзэл баримтлалд болон олон улсын стандартад нийцсэн боловсролын тогтолцооны суурь хэв шинжүүдийг тодорхойлох судалгааны ажлыг манай сан удахгүй эхлүүлэхээр бэлтгэлээ базааж байгаа. Сонирхсон хүмүүс нь холбогдоорой. Загвараа гаргасны дараа  оролцогч талуудын үүрэг нь тодорхой болж ажлууд ч ундарч өгөх байх.


Бид дараагийн удаа “Тогтолцоо гэж юу вэ” сэдвээр ярилцах болно.