Гадаад харилцааны сайд Н.Энхтайван Монгол Улсаас хилийн чанадад суугаа нийт Дипломат төлөөлөгчийн газрын Тэргүүн нар, бие бүрэлдэхүүнд тодорхой үүрэг чиглэл өглөө. 

Тодруулбал, хилийн чанадаас буцах хүсэлт гаргасан иргэдээ үе шаттайгаар татах хүртэл Дипломат төлөөлөгчийн газрын нөөц бололцоо, иргэдийн санал санаачилга болон суугаа, хавсран суугаа орны хамтын ажиллагаанд тулгуурлан бүх талын дэмжлэг туслалцааг үзүүлж ажиллахыг чиглэл болгов.

Түүнчлэн Дипломат ажилтны сахилгын тусгай дүрмийг чанд мөрдөж ажиллах, дипломат албаны эрх ямба, дархан эрхээ урвуулан тамхи, хар тамхи болон бусад хууль бус бараа бүтээгдэхүүн тээвэрлэх, худалдаалах зэрэг аливаа хууль бус үйлдэл, эс үйлдэл гаргахгүй байх, консулын болон визийн үйлчилгээ үзүүлэхтэй холбоотойгоор иргэд, олон нийтийн зүгээс гарч буй шүүмжлэлийг бодитоор хүлээн авч, үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, хувийн ашиг сонирхлоос үргэлж ангид байхыг анхаарууллаа.



Эх сурвалж: Гадаад харилцааны яам