Монголын мэргэжлийн анчдын холбооны тэргүүн Д.Гэрэл Засгийн газрын нууц тогтоолоор 1000 гаруй шонхор хил давуулж Монгол Улс 20 гаруй тэрбум төгрөгөөр хохирсон асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Монголоос өөр шонхорыг экспортлодог улс байхгүй, харамсалтай нь хариуцсан яам нь өөрөө байгаль орчноо ашиглаж хууль бус үйл ажиллагаа явуулж байна. Бид энэ асуудалд тууштай хандан ажиллах болно" гэлээ.

Мөн Арабаас ирсэн шонхорын ангуучдад манай төрийн алба зөвшөөрлөө өгчихдөг, нэгэнт зөвшөөрөлтэй болсон арабууд дан ганц шонхор төдийгүй тогоруу, ногтруу, аргал, цагаан зээр гээд агнаагүй зүйл байхгүй гээд өөрсдийн баримтжуулсан зургийг нь харууллаа. 

Монголын мэргэжлийн анчдын холбооны тэргүүн Д.Гэрэл: 

Засгийн газрын нууц тогтоол гарсны дараа 1000 гаруй шонхор хил давуулсан. Хэдхэн шонхор агнах нэртэй ч Бойнг ирээд ангаа аваад явдаг. Баттай баримт байхгүй ч хүмүүс үүнийг мэднэ. Бүр тусгай хамгаалалттайгаар ан хийж байна шүү дээ. Нууц тогтоолтой холбоотой асуудлаар хуулийн байгууллагуудад хандсан ч зөвхөн цагдаагийн байгууллагаас энэ хэрэг Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байгаа гэх хариу ирдэг юм.

Энэ баримтыг дэлгэсний төлөө намайг БОАЖ-ын сайд байсан Д.Оюунхорол, одоогийн сайд Н.Цэрэнбат руу дайрч гүтгэлээ гэдэг юм. Нээрээ ч учир шалтгаан байгаа юм билээ. Шийтгүүлж байгаа хүмүүсийг нь харахад голдуу яамны газрын дарга нар, мэргэжилтнүүд байдаг. Тэгэхээр сайд нар биш цаана нь эрх мэдэл бүхий сүлжээтэй ажилладаг нь харагдана. Мэдээж дээрээс зориуд гарын үсэг зуруулдаг, хэрэгт холбогдсон хүмүүсээ ч яаж ийгээд гаргадаг. Зарим нь намайг 70 хүрчихлээ, даруулгатай бай гэх юм. Гэтэл даруулгатай байхын аргагүй хууль бус зөрчил байна шүү дээ. Хууль байгаа цагт хөөн хэлэлцэх болно. Эхнээсээ ч хариуцлагаас бултаад эхэллээ. Уг нь  ан, ус, ой бүгд төрийн өмч мөн бөгөөд ард түмний мэдэлд байна гэж Үндсэн хуульд заасан ч байгалийн баялгаас орж ирсэн мөнгийг хувьдаа завшиж байна.  Судлаачид жилд 7-8 мянган шонхор хорогдож байгаа судалгааг танилцуулсан. Хорогдлын гол шалтгаан нь цахилгааны шон дээр үүрээ засдагтай холбоотой гэж буруу зөрүү тайлбарладаг.

55 шонхор дээр 1 тэрбум төгрөгийн хохирол үзүүлсэн гэж үздэг. Үлдсэн дээр нь ямар ч зөрчил тооцоогүй үлдсэн.

УИХ-ын гишүүд бүгд өөрийн гэсэн тарвагачинтай. Тэгсэн хэрнээ тарвага агнахыг хуулиар хориглодог. Үнэндээ хорьсноор бүх зүйл шийдэгдэхгүйг орон нутагт гарч буй тарваган тахлын тохиолдлууд баталж байна.