Зэвсэгт хүчний Жанжин штаб /ЗХЖШ/-ын даргаар Д.Ганзоригийг томилох Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг УИХ дэмжлээ.

Тодруулбал, УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар тус асуудлыг хэлэлцэж, Довчинсүрэнгийн Ганзоригийг ЗХЖШ-ын даргаар томилохыг дэмжиж байна гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 52 гишүүний 40 нь буюу 76.9 хувь нь дэмжив.

Тус санал хураалтын дүнг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад албан бичгээр мэдэгдсэний дараа Ерөнхийлөгч албан ёсоор үүрэгт ажилд нь томилно.

Нэр дэвшигч Д.Ганзориг нь 48 настай, 1980-1990 ЗХУ-ын 8 дугаар дунд сургууль, 1990-1995 онд ОХУ-ын Тамбов хотын Цэргийн дээд сургууль, 1999-2000 онд БНХАУ-ын Тусгай хүчний сургууль, 2001-2002 онд АНУ-ын Явган цэргийн офицерын дамжаа, 2007-2008 онд АНУ-ын Команд штабын коллеж, 2011-2012 онд АНУ-ын Армийн дайны коллежийг тус тус төгссөн.

Тэрбээр 1995-1997 онд Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн салааны захирагч, 1997-2002 онд Зэвсэгт хүчний 150 дугаар ангид албаны дарга, сургагч багш, 2002-2003 онд Зэвсэгт хүчний 311 дүгээр ангид Энхийг дэмжих сургалтын төвийн орлогч дарга, 2003-2007 онд Зэвсэгт хүчний жанжин штабт мэргэжилтэн, 2008-2010 онд Зэвсэгт хүчний 311 дүгээр ангид Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвийн дарга, 2010-2011 онд ҮАБЗ-ийн ажлын албанд референт, 2012-2014 онд Зэвсэгт хүчний жанжин штабт газрын орлогч дарга, 2014 оноос Зэвсэгт хүчний жанжин штабын Ажиллагааны удирдлагын газрын даргаар ажиллаж байгаа аж.