УИХ-ын 42 дугаар тойргоос сонгогдсон Д.Гантулга албан тушаалаасаа татгалзах албан бичиг хүргүүлснээр, түүнийг УИХ-ын гишүүний бүрэн эрхээс нь түдгэлзүүлсэн. Тиймээс түүний сонгогдсон Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль явуулахаар болоод буй юм. 

Үүнтэй холбоотойгоор Иргэний зориг ногоон нам /ИЗНН/-ийн Үндэсний хороо өнгөрсөн амралтын өдөр хуралдаж, тус нөхөн сонгуульд оролцох шийдвэр гаргажээ. Харин МАН өнөөдөр ээлжит Бага хурлаа зарласан бөгөөд тус хурлаар нөхөн сонгуульд хэрхэн оролцож, хэнийг нэр дэвшүүлэхээ хэлэлцэх юм. АН  мөн өнөөдөр Үндэсний бодлогын хороогоо хуралдуулахаар зарлаад байна. 

Ийнхүү улс төрийн зарим хүчнүүд нөхөн сонгуульд оролцох бэлтгэлээ базааж эхэлжээ. Харин МАХН хэзээ хуралдаж нөхөн сонгуульд оролцох эсэхээ хэлэлцэх нь тодорхой бус байгаа ч нөхөн сонгуульд оролцох төлөвлөгөөтэй байгаа гэсэн яриа явагдаж байна.