Монголын Актуарчдын Нийгэмлэгийн Удирдах Зөвлөлийн дарга, Гэрэгэ Партнерс ХХК-ийн ТУЗ-ийн дарга, ХҮН намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Гантулгатай ярилцлаа. 


-Их Британи улсын үнэлгээний мэргэжлийн байгууллага "The Royal Institution of Chartered Surveyors" байгууллага болох (RICS)-ээс хүлээн зөвшөөрөгдсөн анхны Монгол хүн болсонд баяр хүргэе. Давуу тал нь хөрөнгийн зах зээлийг зөв гольдиролд нь оруулахад тустай гэж ойлгож болох уу?

-Сүүлийн үед хөрөнгийн зах зээл идэвхжиж компаниуд IPO хийж, мөнгө босгох нь ихэсч байна. Энэ бол маш зөв хандлага. Харин үүнийг зөвөөр эхлүүлж, оролцогч бүх талууд маш нухацтай хандах ёстой. Хэрэв хадгаламж зээлийн хоршоо шиг буруу замаар явчихвал дахиад зөв гольдролдоо очтол хамгийн багадаа 10-15 жил шаардагдана. Түүнийг дагаад улсын хөгжил, бидний амьдрал дээшлэх асуудал ч мөн хойшоо татагдана. Иймээс үнэлгээчид IPO хийх зориулалтаар үнэлгээ хийхдээ хэдхэн төгрөг өгөлцөж авалцах асуудал биш юм гэдгийг өөрсдөө нухацтай бодож ухамсарлаж хандах хэрэгтэй гэж боддог.

Ингэж ухамсарлаж төлөвшихөд мэргэжлийн байгууллагууд маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Манайд ийм байгууллагууд бий, алхам алхмаар урагшилж л байна. Гэхдээ олон улсын түвшинд хүрч ажиллахад хугацаа хэрэгтэй. Тэр үүднээсээ The Royal Institution of Chartered Surveyors байгууллагын гишүүн болж байгаадаа баяртай байна. Би энд зөвхөн өөрөө үнэлгээний ажил ихээр олж хийнэ гэхээс илүүтэй хөрөнгийн зах зээлийг зөв зохистой явуулахад өөрийн хувь нэмрээ оруулна гэж үзэж байгаа. 


-RICS-ээс хүлээн зөвшөөрөгдөхийн тулд ямар шалгуурыг хангах ёстой вэ?

-Үндсэндээ 2 төрлийн чадвартай байхыг шаардана. 

Нэгдүгээрт, мэргэжлийн шалгалтуудыг давсан байх шаардлагатай. Миний хувьд Английн Актуарчдын нийгэмлэгийн бизнесийн үнэлгээний мэргэжилтэй холбоотой олон шалгалтуудыг давсан учраас энэ хэсэг шаардлага харьцангуй хөнгөн байсан.

Хоёрдугаарт, үнэлгээчин хүн ёс зүйтэй байхыг шаарддаг. Тухайлбал, тус байгууллагаас гишүүддээ тавьдаг ёс зүйн 5 стандарт бий. Үүнд хариуцлагатай байх (responsibility), ямар ч хүнтэй хүндэтгэлтэй харилцах (respect), аливаад голч, ноён нуруутай хандах (integrity) ажлаа үргэлжид хамгийн сайнаараа хийх (high standard of service), мэргэжлийн байгууллагаа төлөөлөх учраас үргэлж байгууллагын нэр хүндийг өндөрт өргөж (trust in the profession) ажиллахыг шаарддаг. Үүнийг зөвхөн ажил дээрээ биш хувийн амьдрал дээрээ дагаж мөрдөнө гэдгээ зөвшөөрөх ёстой.

Амьдрал дээр ч гэсэн хүн мэргэжлийнхээ ажлыг ярихдаа шударга юм яриад хувийн амьдрал дээрээ худлаа ярьдаг, 2 нүүртэй нэгэн  байж болохгүй биз дээ. Тиймээс нэрийн хуудас дээрээ MRICS гэж бичсэнээр дэлхийн хаана ч зөвхөн мэргэжлийн ур чадвартай гэдгээр нь бус ёс зүйтэй хүн гэдгээр нь хардаг байх ёстой гэж үздэг. 


Тэрбээр 2004 онд Их Британи улсын Манчестер Метрополитан Их Сургуулийг бизнесийн удирдлагын мастер (MBA) зэрэгтэй төгссөн. Мөн Их Британи улсын Актуарчдын Институтын Санхүү, хөрөнгө оруулалтын сертификат, Актуар аргачлалын дипломтой бөгөөд Монгол улсын хөрөнгийн мэргэшсэн үнэлгээчин юм.  Мөн саяхан Их Британийн үнэлгээний мэргэжлийн байгууллага болох The Royal Institution of Chartered Surveyors (RICS)-ээс хүлээн зөвшөөрөгдсөн Монголын анхны бизнесийн үнэлгээчин болжээ.


-Ялангуяа хөрөнгийн зах зээл сэргэж байгаа энэ торгон үед үнэлгээчид маш анхааралтай, ёс зүйтэй ажиллах ёстой болох нь ээ?

-Хувьцааны анхны үнэ цэнийг тодорхойлдог хүмүүс үнэлгээчид нь мэргэжлийн ёс зүйтэй байх ёстой. Тэгэхгүйгээр, өнөөдөр нэг ажил хийгээд мөнгөө авчихлаа, боллоо гэсэн сэтгэлгээгээр хандвал маргааш бидэнд ирээдүй байхгүй. Хэрэв олон нийтийн итгэл уначихвал, үнэлгээ гэж нэг худлаа зүйл гэсэн буруу ойлголт төрчихна. Ингэснээр наанадаж хөрөнгийн зах зээлийн хөгжил, цаанадаж улс орны эдийн засаг, хөгжлийг хойш татна. 

-Монголын бизнесийн үнэлгээний хөгжилд ямархуу үнэлгээ тавих вэ?

-Бизнесийн үнэлгээ сайжирч байна. Мэргэжлийн ур чадвар мэдээж хамгийн чухал. Тухайлбал бизнесийн үнэлгээний загвар хөгжүүлэх, математик тооцоолол, санхүүгийн шинжилгээ хийх гэх мэт. Энэ талаасаа манайх нэлээн дэвшилттэй яваа. 

Гол асуудал нь үнэлгээчид бизнесийг үнэлж компанийн IPO гаргахад иргэд худалдаж авна, би ийм хариуцлагатай ажил хийж байна гэдгээ ухамсарлаж ойлгох тал дээр их хоцорч явна гэж боддог. Товчоор хэлбэл, гаргасан тооцоололдоо үнэлгээчин өөрөө бүтэн итгэл үнэмшилтэй болсон байх ёстой.

Хэн нэгний нөлөөнд ороод хөрөнгийг өөрийн итгэл үнэмшлээс өөрөөр үнэлчихээд, үүнийгээ гайгүй биз, асуудал гарвал ингэж аргална гэх байдлаар хандаж болохгүй л гэсэн үг. Яг ийм хандлага яваандаа хөрөнгийн биржийг татаж унагадаг учраас үнэлгээчид нухацтай хандахаас аргагүй.

RICS-ийн гишүүн болсноор ийм 2 нүүртэй биш нэг нүүртэй, үнэн шударга үнэлгээ хийнэ гэдгээ л зарлан баталгаажуулж байна гэсэн үг. 

Хөрөнгийн зах зээлийн хөгжлийг хэдэн компани IPO хийснээр хэмжихгүй. Энэ тоондоо биш, харин хувьцаа гаргахад оролцож байгаа андеррайтер нь, аудитор нь, хуульчид нь, үнэлгээчид нь мэргэжлийн ажил хийж чадсан уу үгүй юу гэдэг чухал. Хэрэв хөрөнгийн зах зээл зөв зохистой ажиллаад эхэлбэл хүмүүс үүнийг урт хугацааны хөрөнгө оруулалтын хэрэгсэл гэж үзээд хөрөнгөө хийнэ.



МАНАЙ ТОМООХОН КОМПАНИУДЫН ЭЗДИЙН СЭТГЭЛГЭЭ ШУЛУУХАН ХЭЛЭХЭД ХОЦРОГДЧИХСОН

-Та үнэлгээчний ажлаа шударга хийе гэсэн ч компаниудаас асуудлыг ном журмаар нь биш аргалчих гэсэн сэтгэлгээгээр ханддаг тохиолдол бий юу?

-Сүүлийн хоёр жилийн турш IPO хийх зорилгоор бараг л 7 хоногт дор хаяж нэг удаа хүмүүстэй уулзаж зөвлөгөө өгч байна. ЛэндМН дээр амжилттай ажилласан учраас залуучууд ч нэлээн зорьж ирдэг. Монголын алдартай бизнес эрхлэгчидтэй ч уулздаг. Эдгээр уулзалтууд дээр тулгуурлан Монголын бизнесменүүд дээр өөрийнхөө хийсэн ажиглалтаа ангилж хэлье.

#1.Одоогийн  Үндсэндээ гологдож байна. Тэд маш шулуухан, эрээ цээргүй, өөрийнхөө санасан бодсон зүйлийг ямар нэгэн аргаар бүтээхээр дайрдаг. Үүнийгээ бизнес ингэж л явдаг, ийм л байдаг гэж тайлбарлана. Нас заах бүдүүлэг явдал боловч ихэнх нь 50-иас дээш насныхан энэ ангилалд хамаарна. Тэдэнд одоо энд яригдаж байгаа үнэлгээний мэргэжлийн талаар ярихад сонсох ч үгүй, сонслоо ч ойлгохыг хүсэхгүй. Үндсэндээ бизнесийн үнэлгээ гээд нэг тоо гаргачихсан, үүнийгээ баталгаажуулах зорилготой. Ийм хүмүүст өнөө мэргэжлийн зүйлээ л ярьдаг учраас би ганц ч ажил авч үзээгүй. Гэтэл манай үнэлгээчдийн нийгэмлэг нь сул байгаа учраас тэр хүмүүсийн аманд ороод үнэлгээг нь хийгээд өгчих нэг нь олддогт л учир байгаа юм. 

#2.Тэд америк маягийн сэтгэлгээтэй бизнесмэнүүд. Бид зэрлэг капитализм гэж ярьдаг даа. Ах нараас бол арай өөр, маш том хуулийн багтай ажилладаг, нарийн ширийн асуудалтай зүйлээ хэдэн хуудас урт гэрээндээ эвтэйхэн оруулчихдаг. Тиймээс шүүхийн хаалга татсан ч ялна гэдгээ бат итгэлтэй мэднэ. Энэ бол дэлхийн томоохон корпорациудын ажилладаг зарчим. Ийм төрлийн бизнесийнхэн мэргэжлийн хүмүүс яаж ажилладгийг мэднэ. Тэдэнтэй ажиллаж болно, гэхдээ маргаан гарах, төвөгтэй байдал үүсэх гээд байдаг сул талтай. Нэг үг байдаг даа, асуудлыг хоёрын хооронд мэддэг байснаас огт мэддэггүй байсан нь дээр гэж, яг л тийм юм болно.

#3.Сүүлийнх нь шинэ үеийнхэн. Бизнесийг өөрөөр хийхээр зорьж буй хүмүүс. Тэд ихэвчлэн технологид суурилсан бизнес хийдэг, ажил дээрээ зангиатай ирдэггүй, ажилчидтайгаа дарга гэж дээрээс харьцдаггүй. Amazon, Google-ийг гол загвараа болгочихсон, багаар ажиллаж байж баялаг бүтээнэ гэдгийг тэд маш сайн мэддэг. Энэ төрлийн залууст аль нэгэн газар нууж хааж хийсэн тендер, лиценз байхгүй учраас хоёр нүүрлэдэггүй, бүх зүйл нь тов тодорхой. Хийж байгаа арга барилаа нарийн тайлбарлаж ойлгуулдаг, ил тод, нээлттэй. Би тэдэнтэй ажиллах дуртай. Ажиллахад ойлголцоход маш хялбар байдаг юм.


-Нэг талаасаа үнэлгээчин их төвөгтэй ажил. Гаднаас орж ирээд хүний бизнесийг үнэлэх учраас. ААН-үүд энэ тал дээр алддаг зүйл нь юу байна вэ?

-Компаниуд өөрсдийнхөө муу зүйлийг нууж хааж л үнэлгээгээ өндөр гаргуулна гэсэн ойлголттой байдаг. Өөгүй, алдаагүй бизнес гэж байхгүй, үнэлгээ хийж байгаа хүнд ч итгэл үнэмшил төрөхгүй. Энэ “төгс” байдлаас болж бүр байгаагаас нь багаар үнэлж ч мэднэ. Тиймээс энд ийм алдаа, асуудал гардаг гэдгээ үнэнээрээ хэлж түүнийгээ харин ингэж сайжруулахыг хичээж ажилладаг байх чухал. Тухайлбал энд л хөрөнгө оруулалт хэрэгтэй байна гэж тайлбарлавал үнэлгээчинд итгэл үнэмшил төрнө, тодорхойгүй байдал багасна, үнэлгээ нь бодит гарна. Үүнийг компаниуд анхаараасай гэж боддог.


-Танайх Лендмн-ийн үнэлгээг хийсэн. Тэгэхээр үнэлгээний ажил хийсвэр технологийн компаниуд дээр хүртэл ажиллана гэхээр мэдлэг их шаардах нь ээ?

-Тиймээ, манайх Лендмн-ийн үнэлгээг хийсэн. Жил шахам болж байгаа ч хувьцаа нь унаагүй, дандаа өсөлттэй явж байна. Технологийн компаниудыг үнэлэх хэцүү л дээ. Яагаад гэвэл бодит хөрөнгө буюу тоног төхөөрөмж, үл хөдлөх хөрөнгө байдаггүй учраас, гэхдээ тэдэнд маш их боломж нөөц бий.

Ер нь үнэлгээчин хүн бүх зүйлийг мэддэг байх албагүй. Харин мэддэггүй юмаа л мэддэг байх ёстой. Ингэсэн цагт мэддэггүй зүйл дээрээ мэддэг хүнтэйгээ хамтраад баг бүрдүүлж болно. Бид ийм л зарчмаар ажилладаг.

Манайд технологийн компаниуд үүсээд хүчээ аваад эхэлчихлээ. IT-ийн салбар төмөр зам, агаарын зам шиг дэд бүтэц болчихлоо. Энэ дэд бүтэц дээр суурилсан дэлхийд бүтээгдэхүүнээ нийлүүлэх тухайлбал, крейтив индастр, санхүүгийн үйлчилгээ хөгжих боломж бүрэн бий. Блокчейн технологи гэхэд дэлхий дахин ойлгох гэж хичээж буй энэ цаг үед гарааны бизнес эрхлэгчдийг урьж авчраад бойжуулаад дэлхийд гарах боломж байна. Үүнийгээ дагаад хөрөнгийн зах зээл, андеррайтерууд, хуульчид нь энэ чиглэлд мэргэших шаардлагатай.

Сингапурт гэхэд шинээр гарч ирж байгаа технологийг ойлгохгүй байна гэдгээ хүлээн зөвшөөрөөд гарааны бизнесийн компаниудыг урьж байна. Гэхдээ яг юу хийж байгаагаа нээлттэй, ил тод явуулахыг шаардана. Тэгээд энэ шинэ бизнесийг ойлгоод дараа нь хэрхэн зохицуулалт хийхээ шийдэх зорилготой. 

Ингээд харахаар манай улс хөгжихөд нь саад болсон далайд гарцгүй, дэд бүтэцгүй зэрэг сул талууд алга болчихож байгаа юм. Энэ санааг УИХ-ын түвшинд ойлгож, холбогдох хууль эрх зүйн орчинг бүрдүүлж, СЗХ зэрэг зохицуулалтын байгууллагаар дамжуулан ажил хэрэг болгож байж л амжилтад хүрнэ. Түүнээс биш мэргэжилтнүүд хэчнээн сайхан яриад, хэчнээн сайхан хурал зөвлөгөөн хийгээд нэмэр багатай, цаг алдана, асуудал улиг болоод л дуусна. 


-Одоо таниас ХҮН намын ЕНБД-ын хувьд хэдэн асуулт асуумаар байна. Үнэлгээчин хүний ёс зүйн үүднээс монголын нийгмийг харвал ямар дүр зураг гарах вэ?

-Шулуухан хэлэхэд монголчууд хуурамч төр байгуулсан, хуурамч үндэстэн болж дууслаа. Бүх юмыг хуурамчаар хийдэг. Хуурамч их сургууль төгсч, хуурамч мэргэжлийн байгууллага ажиллуулдаг. Шашин нь хүртэл хуурамч болчихлоо. Цааш нь яривал цувраад л явчихна. Их хурлын гишүүд нь 2 нүүртэй. Гэтэл хүн чинь нэг нүүрээр амьдрах ёстой биз дээ. Бид 2220 жилийн түүхтэй төр улс гэж цээжээ дэлдээд байхаас биш бодит байдал дээр шал өөр. Нэг хүний дотор өөр өөр хүн зэрэг оршдог (Англиар Split personality) сэтгэцийн өвчин байдаг даа, яг л тийм болчоод байна шүү дээ.



НИЙГЭМД ТОГТСОН ЭНЭ ЧӨТГӨРИЙН ТОЙРГИЙГ СЭТЛЭХ ЦЭГ НЬ УИХ


-Хуурамч төр гэдгийг тайлбарлахгүй юу?

-Жишээ нь бэлхэн байна. Тухайлбал хамгийн сүүлийн Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр нэр дэвшигчдээс хэн нь хэдэн төгрөг тараалаа гээд л шуугисан. Энэ талаар сонсоогүй мэдээгүй хүн байхгүй. Яг үүн дээр паузлаад, анхаарлаа хандуулаад бодож эргэцүүлье.

Монгол Улсын Ерөнхийлөгч бол Монгол төрийн тэргүүн, нийгэмд шударга ёсыг тогтооход роль модел болох ёстой хүн. Хүнд мөнгө тарааж, хуулиа зөрчиж Ерөнхийлөгч болчихоод яаж шударга ёсны бэлгэ тэмдэг болж чадах юм. Хамгийн эмгэнэлтэй нь үүнийг тэр хүн өөрөө ч мэднэ, мөнгөө яаж тараасныг нь олон түмэн бүгд мэднэ. Тэгсэн хэрнээ юу ч болоогүй, үзэж хараагүй мэт царайлцгаах. 

Нийтийн баялгаас хулгайлж оффшор дансанд байршуулсан, ЖДҮ хөгжүүлэх сангаас ичих ч үгүй хэдэн тэрбумаар нь авчихсан хэрнээ наанаа улсын эрх ашиг ярьсан хоёр нүүртэй хүмүүстэй төр гэж юу байх юм. 

Бид хуурамч төрийг бий болгоод байгаа биз дээ. Үүнийг байдаг л үзэгдэл болгоод ойлгосон учраас бид хуурамч үндэстэнг бий үүсгэж байгаа хэрэг. Энэ чигээрээ үргэлжилвэл төр улс гэж байхгүй.

Монголчууд бид үүнийг бодитоор харж, ойлгох ёстой. Эцсийн эцэст бүх эрх мэдэл сонгуулиар дамжин иргэдийн гарт л бий. Танай салбарынхан гэхэд хаалтын гэрээ хийгээд л чимээгүй болцгоодог. Ард нь ямар аймшигтай зүйл өрнөхийг, үр дагаврыг нь мэдсэн ч мэдээгүй царайлна. Одоо ядаж өөрийгөө мэргэжилтэн гэж боддог хүн бүр дор бүрнээ ухаарч, нэг нүүрээр ажиллацгаая л даа.


-Та үүнийг Лондонд санхүүгийн шинжээчээр ажиллаж байгаад энд ирэхдээ олж харав уу эсвэл одоо ХҮН намын ерөнхий нарийн бичгээр ажиллаж байгаагийн хувьд хэлж байна уу?

-Би 70-аад оны хүүхэд. Манай үеийнхэн систем шилжихэд ихэнх нь эрдмийн мөр хөөцгөөн гадагшаа явцгаасан. Эргээд ирэхэд цүнх баригчдын арми дарга болчихсон байсан. Үүнийг өөрчлөх хэрэгтэй. Улс байгуулж худлаа тоглож байгаа тоглоом нь Монгол гэдэг улсыг үгүй хийх түвшинд ирчихээд байна. 

Нийгэмд тогтсон энэ чөтгөрийн тойргийг сэтлэх нэг цэг байх ёстой доо, тэр цэгийг би УИХ гэж хардаг. Өөрөөр хэлбэл, УИХ-д нэг нүүртэй гишүүд олонхи болж байж л энэ өөрчлөлт эхэлнэ. 

Энд би ганц манай нам эрх мэдэлд хүрч байж асуудал цэгцэрнэ гэж байгаа юм биш, аль ч намаас гарсан бай олонхи нь нэг нүүртэй хүмүүс УИХ-ыг дүүргэх хэрэгтэй. Хэдийгээр би эрсдлийн шинжээч ч гэсэн аливааг өөдрөгөөр харахыг хичээдэг. Түүх харахад Монголчууд энэ байтугай ч хэцүү үеийг туулаад гараад ирсэн. Сонгуульдаа, хүмүүсдээ итгэх хэрэгтэй. Өөр арга байхгүй. Би энэ том өөрчлөлтийн үйл явцад оролцоё, тус нэмэр болж хүчин зүтгэе гэж эх орондоо эргэж ирсэн. Нөгөө талдаа надад буцаад мэргэжлээрээ Англи болон бусад оронд ажиллах боломж үргэлж нээлттэй байгаа. Гэхдээ тэнд би жирийн нэг л цагаачийн. Хэн хүнгүй л бодож байгаа, бид өөрийн эх оронтой хүмүүс. Энэ байдлаа засаад нутагтай сайхан амьдармаар, хүүхдүүдээ Монголдоо Монголоор нь үлдээмээр байна. 


-Тиймээ, гэхдээ таны ярьж байгааг хүн бүр, тодруулбал УИХ-ын гишүүд сайн мэдэж ойлгож байгаа биз дээ?

-Ойлгохгүй байна л гэсэн үг. Мэдэх, ойлгох хоёр бол тусдаа ойлголт. Аливаа зүйлийг ойлгож, мэдлэгтэй болно гэдэг ямар нэгэн зүйлийг зөвхөн сонсож, олж мэдэхээс хамаагүй гүнзгий ойлголт.

Платоны анхдагч тодорхойлолтоор мэдлэг гэдэг нь тухайн хүн өөрөө бодож, шүүн тунгаасны үндсэн дээр өөрт нь бий болсон итгэл үнэмшил. Хүн итгэл үнэмшлийнхээ эсрэг зүйл хийхгүй шүү дээ. Тэгэхээр бид асуудлыг олж мэдээд, хоорондоо ярилцдаг байж болно, харин мэдлэгийн түвшинд ойлгоогүй болж таараад байгаа биз. Эйнштейний алдартай үг байдаг даа “Ямар ч тэнэг нь мэдэж болно, хамгийн гол нь ойлгох” гэж. Хүүхэд улаан гэрлээр гарч болохгүйг мэднэ, асуувал зөв хариулна. Гэхдээ гарцаар гараагүйгээс, ногоон гэрлээр яваагүйгээс гарч болох хор уршигийг бүрэн ухамсалаж ойлгохгүй. Яг үүн шиг энэ УИХ-ын гишүүдийн ихэнхи нь зөвхөн мэдээлэл сонссон төдий л түвшинд байна шүү дээ. Нийгмийг залж яваа элитүүд өнөөдрийн дүр эсгэлт, хоёр нүүр гаргах нь ямар үр дагавартайг ойлгохгүй байгаа учраас бид ийм байдалд орсон.

-Энэ тэгээд юу болох вэ?

-Тэгээд л хуурамч төр бүтээгээд сууцгааж байна. 

Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих санг хэрхэн завхаруулсныг бид нийтээрээ хараад зэвүүцээд сууж байна. Нийгмийн элит хэсэг нь ийм байтал яаж нэг мэргэжилтнээс, нэг хувь хүнээс ёс зүй шаардах юм. 

Тэгэхээр өөрчлөх цэг нь гарцаа байхгүй УИХ. Иргэд үүнийг ухамсарлаад сонгуулиа л зөв өгөх ёстой. Хэдхэн төгрөгөөр маргаашаа, үр хүүхдийнхээ ирээдүйг худалдаж байна гэдгийг ойлгох цаг нь болчихлоо. Тэгээгүй цагт чононд мах тавиж өгчихөөд битгий ид гэхтэй л ижилхэн зүйл болно. Өөрчлөөгүй цагт төрийн нэрийг барьсан мафийн сүлжээ ажилласаар байх болно. 


-Гаднаа эх орон дүр үзүүлээд цаанаа завшигч болсон хоёр нүүрлэсэн хүмүүс олон байна. Бид ер нь яагаад ийм болчихсон юм бэ?

-Бүр уг гарлаас нь хайх хэрэгтэй болов уу. 90 оноос өмнө угаасаа хоёр нүүртэй систем байсан. Хүмүүс дотроо өөр зүйл бодсон ч хэлж болохгүй, чадахгүй тул гаднаа шал өөрөөр “жүжиглэдэг”. Мэдээж энэ системд авах зүйл ч бий, хаях зүйл ч бий. Нэгэнт болж өнгөрсөн түүхэд дүгнэлт өгч ярих шиг бүдүүлэг юм байхгүй тул хоёулаа ингээд зогсоё. Харин одооноос эхлэн засах боломжтой. Үүнийг нийгэмд үлгэрлэх, манлайлах цэг нь УИХ. УИХ өөрөө үлгэр жишээ загвар байж, нэг нүүртэй гишүүд олон байж хэмээн нийгэм цэгцэрнэ, чөтгөрийн тойргоос гарна. 


-Тэгэхээр сонголт хийхээс бүх зүйл хамаарах нь… Мөнгөөр саналаа худалдддаг сонгогчид ч, хууль хэрэгждэггүй гэж ярьдаг нийгмийн бүлгүүд ч үүнд хамаарах уу?

-50 мянган төгрөг авчихаад хэн нэгэнд сонгуулиа өгдөг. Үүнийгээ зарим иргэд амьдрал хүнд хэцүү байна гэж тайлбарладаг, гэтэл ЖДҮХС дээр юу болж буйг харлаа шүү дээ. Тэнд танд очих ёстой, амьдралаа залгуулахад дэмжлэг болох зориулалттай хөнгөлөлттэй зээлийг таниас 50-хан мянган төгрөгөөр худалдаж авчихаад ширэн нүүрлээд сууж байна. 

Сонгуулиар мөнгө тарааж сонгогдоно гэдэг нь хууль бусаар засгийн эрхийг авч байгаа хэлбэр. Зарим нь үүнийг сүртэй зүйл биш, хуулийг жаахан зөрчсөн л биз гэж үзэж магад. Гэтэл үүний цаана хуулинд захирагдах ёс гэж айхтар ухагдахуун бий. 

Ер нь Монголын хууль хэрэгждэггүй гэдэг яриа ч маш хор хөнөөлтэй. Хэн ч хуулинд итгэхээ боливол яах вэ, бид тэгээд юунд захирагдах юм, бас юунд итгэх юм. Хуулинд захирагдахгүй бол төр гэж байхгүй. Учир нь төр гэж тэнд байгаа хэдэн хуулиуд, түүнийгээ хэрэгжүүлдэг тогтолцоог л хэлээд байгаа шүү дээ. Одоо хэн хүнгүй хууль ямар хэрэгжих биш гэж ярьцгаадаг болж. Тэгвэл төр чинь төр биш болчино. Хариуцлага ярихаар ЖДҮ дэмжих сангийн мөнгийг идсэн уусан хүмүүсийг толгойг нь ав гэх нь холгүй юм ярих юм. Асуудлыг сайн ч бай муу ч бай одоогийнхоо хуулийн дагуу л шийдэх ёстой. 

Уг нь монгол хүн бүрт эх орноо гэсэн эрхэм чанар бий дээ. Одоо болж байгаа ЖДҮ-г тойрсон үйл явдал бидэнд их зүйлийг ойлгуулж байгаа болов уу гэж найдаж байна. Дахин давтан хэлэхэд би Монгол Улсынхаа ирээдүйг өөдрөгөөр хардаг. Түүхийн хуудсыг сөхөөд харвал Монголчууд энэ байтугай хүнд байдлыг даваад гарсан нь түүх шастирт олон бий.