Засгийн газар өчигдөр ээлжит бусаар хуралдаж, бүх айлын цахилгаан, хог, усны төлбөрийг, орон сууцных нь 100 метр/кв хүртэлх талбайн дулааны төлбөрийг энэ сарын 01-нээс 2021 оны 07 дугаар сарын 01-нийг хүртэл тэглэхээр шийдвэрлэсэн. Үүнд зарцуулагдах 650 тэрбум төгрөгийг "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-аас гаргана.

Шийдвэрийг танилцуулах үеэрээ Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Засгийн газар сүүлийн жилүүдэд улс орныхоо алдагдсан өмч хөрөнгүүдийг олж авч байгаа. Үүний нэг нь "Эрдэнэт үйлдвэр" юм. Тус үйлдвэр 100 хувь ард иргэдийн өмч болсон" хэмээсэн.             

Тэгвэл өнөөдөр УИХ дахь АН-ын бүлэг мэдээлэл хийх үеэрээ дээрх шийдвэрийн талаар байр сууриа илэрхийллээ.

АН-ын бүлгийн дарга Д.Ганбат "Засгийн газрын өчигдрийн шийдвэрүүдийг хэлэлцлээ. Зөв зүйтэй арга хэмжээ гэж үзэж байна. АН-ын бүлэг Ерөнхийлөгчөөс удаа дараа шаардаж байсан, мөн олон нийтэд хүлээлт үүсгээд байсан уг асуудлыг тодорхой хэмжээнд шийдлээ. Олон улсад ийм арга хэмжээ авсан байдаг. Гэхдээ энэ шийдвэрийг гаргах нөхцөл боломжийг манай АН гаргаж өгсөн. 

2012-2016 онд "Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувийг ОХУ-аас авчраад, 100 хувь эзэмшдэг болсны үр дүнд Засгийн газар өчигдрийн шийдвэрийг гаргах боломж бий болсон. Үр шимийг нь энэ хүнд цагт монголын ард түмэн, ААН-үүд хүртэж байна.

Холбогдох байгууллагууд ирэх оны 07 дугаар сарын 01-нийг хүртэл дулаан, цахилгааны хангамжид онцгой анхаарах шаардлагатай. Тооцсон гэж найдаж байна" хэмээлээ.