УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Тэрээр "Ардчилсан намын бүлэг намрын чуулганы анхны хуралдаанаа өнөөөдөр хийж, хэд хэдэн асуудал хэлэлцлээ.

Монгол Улсад хууль, журам хэрэгжихээ байжээ. Хууль, журамд хяналт тавих ажлыг УИХ, хэрэгжүүлэх ажлыг Засгийн газар хариуцдаг хуультай. Гэтэл ажлаа хийхгүй байна. Засгийн газар гэхэд чуулганы нэгдсэн хуралдаанд тавих өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах талаарх мэдээллээ 7 хоногийн өмнө ирүүлсэн байх ёстой. Гэтэл өнөөдөр манай намын бүлгийн хуралдааны үеэр авчирч өгч байна. Энэ нь биднийг уг мэдээлэлтэй холбоотой хуулийн дагуу санал, дүгнэлтээ бэлдэх боломжгүй болгож байна.

Би орон нутгаар ажиллаад ирсэн. Хэд хэдэн аймаг гантай байна. Уг асуудлаар ажиллах ёстой албан тушаалтан, холбогдох байгууллагууд ажиллахгүй байна. Ган цаашид гамшиг болохоор байна. Иймд "Засгийн газар, Улсын онцгой комисс гамшгийн зэрэглэлийг тогтоогоод өгөөч" гэж 20-иод хоногийн өмнө манай гишүүд ярьсан. Гэтэл хийж буй зүйл алга.

"Монгол хүн хаана хүнд, хэцүү нөхцөлд байна. Тэр газарт Засгийн газар хүрч ажиллана" гэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлж байсан. Очиж ажиллаж буй нь харагдахгүй байна. Яг одоо гантай, гамшгийн нөхцөл байдал нүүрлэсэн газруудад төр засгийн оролцоо шаардлагатай байна. Оройтсон хойно нь ямар ч тусламж үзүүлээд нэмэргүй" хэмээлээ.