Клиникийн профессор, сэтгэцийн ахлах зэргийн их эмч, Наркологийн эмнэлэгийн дарга Д.Ганбаттай ярилцлаа.


 -Монголчуудын сэтгэл зүйн онцлог архины хамааралтай болоход нөлөөлдөг гэж сонсож байсан. Энэ үнэний хувьтай юу?

-Монгол хүмүүс сэтгэл хөдлөлөө илэрхийлэхдээ тааруу, интроверт талдаа хүмүүс. Баярласан ч тэр бүр илэрхийлээд байдаггүй. Нэгэндээ гомдож туньсан ч түүнийгээ тэр бүр хэлдэггүй, дотроо хав дарчихдаг гэмтэй. Энэ сөрөг бодол мэдрэмж нь сэтгэлзүйн хүчин зүйл болж, далд ухамсарт хадгалагддаг. Сэтгэл зүйн стресс таагүй харилцааг маш хурдан гадагшлуулж сурах хэрэгтэй байгаа юм. Сэтгэлзүйн боловсролыг дээшлүүлэх шаардлагатай болж байна.

Ер нь архинд донтох өвчин үүсэхэд 3 хүчин зүйл нөлөөлдөг.

Нэгдүгээрт, сэтгэлзүйн хувьд: дотогшоо буюу сэтгэл санааны хувьд түгжигдмэл интроверт хүмүүс

Хоёрдугаарт, биологийн хувьд: архи этилийн спиртийг  задалж хоргүйжүүлдэг фермент бага хүмүүс 

Гуравдугаарт, Нийгмийн хүчин зүйл: Ажилгүйдэл, ядуурал, гэр бүлийн хүмүүжлийн орчин нөлөөлдөг. 


-Асуудлаа шийдэж чадахгүйгээр архийг сонгодог байх нь ээ?

-Донтох эмгэг гэдэг стрессээс зугтах үйлдэл шүү дээ. Асуудлаа хэнд ч хэлэхгүйгээр, дотроо хав харж байгаад л найз нөхөдтэйгээ уулзаж архи уухаараа стрессээ тайллаа гэж ойлгодог нь хамгийн буруу дадал. Ялангуяа эрчүүдэд энэ байдал түлхүү ажиглагддаг. 


-Монгол хүний элгэн дэх архи задлах фермент маш бага гэдэг. Үнэн үү?

-Монгол хүний элгэнд байх архийг задалж, хоргүйжүүлдэг фермент төрөлхийн дутагдалтай. Учир нь бидний биед архи задалдаг фермент маш бага байдаг. Биологийн хувьд энэ бодисыг хэрэглэж болохгүй, хараат хүмүүс гэж ойлгож болно. 

Монгол хүний архи задалж хоргүйжүүлдэг фермент нь европын хүмүүсээс 3,5 дахин бага байдаг нь судалгаагаар тогтоогдчихсон.


-Аль насныхан голдуу гашуун идээнд донтоод байна вэ?

-Ихэнх нь 20-45 насныхан буюу хөдөлмөрийн насны залуучууд байна. Ид ажиллаж хөдөлмөрлах нас байгаа биз. Архины хамааралтай болсон хүмүүсийн нас жил ирэх тусам залуужих хандлага ажиглагдаж байгаад эмзэглэдэг. Наркологийн эмнэлэгт жилдээ 2000-2500 хүн хэвтэж эмчлүүлдэг. 

Манай эмнэлэгт 21 настай залуу хүртэл архины солиорол болчихсон ирж байсан. Энэ нь архины донтолтын маш хүнд хэлбэр, нойргүйдэж,  хий юм сонсож харагддаг эмгэг юм.


-Эмэгтэйчүүд энэ асуудлаар ханддаг уу?

-Сүүлийн үед эмэгтэйчүүд хандах нь нэмэгдсэн, манай эмнэлгийн сүүлийн 5 жилийн судалгаанаас үзэхэд нийт хэвтэн эмчлүүлсэн хүмүүсийн эмэгтэйчүүд 10-15 хувийг эзэлж байна. Эмэгтэйчүүдийг эрчүүдтэй харьцуулахад богино хугацаанд донтох эмгэгтэй болдог боловч, эмчлэгдэх хугацаа удаан байдаг. 

-Архины хамаарал хавдрын шалтгаан болох уу?

-Бололгүй яахав. Архи, этилийн спирт цусаар хүний биед тархдаг учраас гэмтээхгүй эрхтэн систем гэж байхгүй. Ер нь архи ууна гэдэг нь ирээдүйд өвчний үүр уурхай болно гэсэн үг. Архинаас болж таван төрлийн хавдар, 60 дотрын өвчин, 20-иод төрлийн мэдрэлийн өвчин үүсдэг. 

Уг нь  архинд донтолт 100 хувь өөрөөс шалтгаалах, сэргийлж болох өвчин шүү дээ. Тэгэхээр архи уух нь амьдрах насаа ухамсартайгаар  хороож байгаа л үйлдэл байгаа биз.  Өвөг дээдэс маань архи арван насны дайсан  гэж сургаж ирсэн шүү дээ. Гэтэл одоо 10 биш 20 бараг 30 насны дайсан болсон. 


-Стандарт хэрэглээ, стандарт хэмжээ гэж байдаг уу?

-Өмнө нь стандарт хэрэглээ гэж ярьдаг байлаа. Энэ нь хүний эрхтэн тогтолцоонд хор учруулахгүй хэмжээний тухай яриа юм. Сүүлд германы судлаачийн судалгаанд архийг бага хэмжээтэй уусан ч эрхтэн системд нөлөөлнө гэж бичсэн байсан.

Манайхан архи даадаг гэж нэгнээ хөөргөдөг. Ингэж хөөргөсөөр өөрөө ч, өрөөл бусдыг ч архинд оруулдаг гэдгийг онцлон хэлмээр байна.


-Эцэг эх нь архи уудаг бол хүүхэд нь дуурайдаг, удмын нөлөө байдаг гэж ярьдаг. Ийм зүйл байх уу?

-Зарим судлаачид архинд донтох эмгэгт удамшлын хүчин зүйл нөлөөлдөг гэж үздэг. Ер нь бол амьдралын явцад хүн өөртөө олж авсан олдмол буруу зуршил юм. Өөрөөр хэлбэл бид энэ өвчнөөр өвдөхгүй байх бүрэн боломжтой юм. 

Энэ өвчнөөр өвдөхөд гэр бүлийн орчин, гэр бүлийн хүмүүсийн хоорондын харилцаа, бие хүний хувийн төлөвшил гэх мэт олон зүйл нөлөөлдөг. Зарим нь эцэг, эхийнхээ архины хамаарлыг жигшиж, архи согтууруулах ундаа хэрэглэдэггүй олон хүнтэй таарч байсан.

Архинд донтоно гэдэг өвчин юм. Олон улсад сэтгэцийн өвчинд хамааруулж үздэг. 

Архийг байнга хэрэглэсээр байвал архины шалтгаант тэнэгрэл үүсдэг. Энэ өвчнөөр өвдсөн тохиолдолд хүний үнэт зүйл, амьдрах хүсэл мөрөөдөл, амьдрах итгэл, аливаа зүйлийг танин мэдэх, оюун дүгнэлт гаргах, сэтгэн бодох чадварууд буурдаг.


-Архинаас гаргах хамгийн үр дүнтэй арга гэж бий юу?

-Эмчилгээний олон хэлбэр бий. Дэлхийн нийтийн хамгийн үр дүнтэй эмчилгээний арга бол бүлгийн сэтгэл засал юм. Манай эмнэлэг нь 2018 оноос Пакистаны “Нишан донтолт судлал”-ын төвийн захирал, доктор, профессор Талат Хабибын архины хамааралтай хүнийг эмчлэх бүлгийн сэтгэл заслыг хандлагаар анагаахуй, иог, бясалгалтай хослуулан хийж буй эмчилгээг өөрийн эмнэлэгт суурьшуулахаар ажиллаж байна. 

Энэ эмчилгээний үр дүн дэлхийд 85-90 хувийн үр дүн өгч байгаа юм. 

Бүлгийн сэтгэл заслын гол арга нь ярилцах, мэдрэмжээ нээх, харилцан бие биенээсээ суралцах, зөв дадлыг суралцах явдал юм. Бид монгол хүний сэтгэл зүйн онцлогт тохирсон, оролцоонд суурилсан сэтгэл заслын эмчилгээний хөтөлбөрийг боловсруулж, “Сайн санаа, сайхан сэтгэл-4С” хөтөлбөр гэж нэрлэн хэрэгжүүлж өнөөдрийг хүртэл нийт 21 бүлэгт 183 эмчлүүлэгч хамрагдснаас эмчилгээний үр дүн 70,2 хувийн эерэг үр дүнтэй байна. 

Бүлгийн сэтгэл заслын эмчилгээ нь харилцаан дээр төвлөрдөг.  

Архинд донтох эмгэг нь дан ганц уугаад байгаа хүний асуудал биш, түүнтэй ойрын хүрээллийн 20-200 хүнд сэтгэл зүйн болон бие махбодийн тулгамдсан асуудал үүсдэг. Үүнийг давхар хамаарлын өвчин гэж үздэг.  Иймээс архины эмчилгээг гэр бүлтэй нь хамт эмчилвэл эмчилгээний үр дүн сайн байдаг. 


- Би архичин биш гэж өөрийгөө үгүйсгэсээр байгаад архины хамааралд бүрэн ордог гэж та өмнө дурдсан. Архины хамааралтай болчихсон байна гэдгээ хүн яаж мэдэх вэ?

-Архины хамааралтай болчихсон гэдгээ өөрөө мэддэггүй хүн зөндөө. Эргэн тойрныхон уугаад байна гэж хэлэхээр өөрийгөө архичин биш, гудамжинд гарчихсан Батаа, Дорж шиг биш гэж өмөөрдөг нь эндүүрэл. Үнэн хэрэгтээ гудамжинд гараагүй л болохоос, архинаас сэтгэц болон биеийн хувьд хамааралтай болж, хүндэрсэн хойноо тусламж авахаар ирдэг нь олонтоо.  Тиймээс уух дуртай л бол аль болох л эрт, хугацаа алдахгүйгээр бидэнд хандах нь чухал. 


-Бясалгал архинаас гарахад ямар нөлөөтэй вэ?

-Амьдралд янз бүрийн зүйл тохиолдоно. Бидэнд өдөр тутам хүнтэй ам зөрөх, гэр бүлийн хүнтэйгээ муудалцах, маргалдах, дотны хүн нь нас барах, шагнал урамшуулал авах гэх мэт олон асуудал тулгардаг. Энэ мэт асуудалтайгаа нүүр тулж, сэтгэл зүйчид хандаж сураасай гэж боддог. Ялангуяа эрчүүд асуудлаа дотроо их хадгалдаг.

Бясалгал гэдэг нь хувь хүний алдааг өөрөөр нь олуулах, өөрийгөө таних чадварыг бий болгох, тайвшрах аргыг эзэмших, учир шалтгаанаа олж мэдэх арга юм. Иог бие махбодийг дотроос нь эрүүлжүүлдэг.

-Монголчууд бид олон баяр тэмдэглэдэг ард түмэн. Энэ баярууд архидалтыг өөгшүүлэх шалтгаан болох уу?

-Нөлөөлөлгүй яахав. Бид хэтэрхий их баяр, тэмдэглэлт өдрүүд, уулзалт зохион байгуулдаг, наргиж цэнгэх дуртай, буруу дадал, хэвшилтэй болсон хүмүүс шиг байгаа юм. Энэ олон баяр, тэмдэглэлт өдрийг АРХИГҮЙ ӨДӨР болгож, зөв зохистой тэмдэглэхэд суралцмаар байна.  Жишээ нь цагаан сарыг архигүй тэмдэглэж, жинхэнэ утгаараа ёс заншлаа дээдэлж, үр хүүхдүүддээ уламжлалт ёс зан заншлаа таниулж, сургаасай гэж боддог.  

Яагаад утга учрынх нь дагуу тэмдэглэж болохгүй гэж? Монгол улсын гавьяат эмч, АШУ-ны доктор, профессор, академич Л.Эрдэнэбаярын 1997 онд “Монголчуудын архины хэрэглээ”-ний байдалд хийсэн судалгаагаар насанд хүрэгчдийн 51,2 хувь нь архи хэтрүүлэн хэрэглэдэг гэж гарсан байдаг. 


-Баасан гараг тэмдэглэх гэсэн ойлголт бараг тогтчихсон нь архидалтыг дэмжээд байгаа юм шиг санагддаг. Энэ тал дээр таны бодол?

-14 хоногт нэг удаа согтотлоо уудаг хүнийг хэтрүүлэн хэрэглэгч гэж үзэж болно. Хэрэв баасан гараг бүр хэтрүүлэн хэрэглээд байгаа бол асуудалд маш их ойртож байна л гэсэн уг. 

Баасан гараг бол ажлын сүүлийн өдөр. Тэр өдрийг дарвиж цэнгэж өнгөрөөвөл маргаашийг ядрангуй хэвтэж өнгөрүүлж таарна. Ядарсан хүн юуных нь хүүхэдтэйгээ тоглох, гэр бүлийн хүнтэй ярилцах вэ дээ. Энэ бол зүгээр л нэг өдөр цэнгэж өнгөрүүлэх тухай яриа биш хүний амьдралын чанарын тухай асуудал. Уг нь баасан гарагт хамгийн хайртай хүмүүстэйгээ цагийг өнгөрүүлж, ирэх долоо хоногийнхоо эрч хүчийг авах чухал. Тиймээс төрөөс бодлогоор дэмжиж, сард нэг удаа аль нэг баасан гарагийг архигүй, “ГЭР БҮЛИЙН ӨДӨР” болгож, энэ өдөр спорт заал, фитнесс, урлаг соёлын газрууд, радио, телевиз, нийгмийн сүлжээнүүд  тодорхой хэмжээгээр нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлвэл иргэдийн амьдралын хэв маяг өөрчлөгдөж, гэр бүлийн аз жаргал, амар тайван байдал хангагдана гэж боддог.

 

-Энэ олон жил архины асуудалтай хүмүүстэй уулзаж, эмчилж яваагийн хувьд хүмүүст юуг ойлгуулчих юмсан гэж боддог вэ?

-Архи бол хоол, тэжээл, амин дэм, нүүрс усны аль нь ч биш. Сайн зүйл гэж нэг ч байхгүй “ундаа” шүү дээ. Ер нь баасан гарагийг заавал идэж уудаг өдөр болгох хэрэггүй юм. Давтамжтай хэрэглэхээр л эмгэг дур гэж зүйл үүсдэг.