Энэ сарын 16-нд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар батлагдсан “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэл”-ийн тухай, “Төв банк (Монголбанк)-ны тухай хууль”, “Банкны тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Монголбанкнаас боловсруулж, хууль санаачлагчдаас УИХ-д өргөн мэдүүлсэн. Үүнтэй холбогдуулан өнгөрсөн лхагва гарагт Монголбанкнаас мэдээлэл хийлээ.

Энэ үеэр МБГ-ын захирал Б.Баярдаваа "Төв банкны тухай хуулинд Монголбанкны үндсэн зорилтыг төгрөгийн тогтвортой байдал гэж тодорхойлсон бол өргөн барьсан Төв банк(Монгобанк)-ны тухай хуулийн төслөөр үнийн тогтвортой байдал буюу инфляцийг тогтворжуулах нь төв банкны үндсэн зорилт байна гэж тусгаад байна. 

Ингэснээр төв банк нь интервенц хийж ханшийг тогтоох бус макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангаж, эдийн засгийн бодит секторыг дэмжих, санхүүгийн зах зээл дээр эрсдэл үүсгэхгүй байх бодлогыг хэрэгжүүлснээр ханш тогтвортой байлгах бодлого баримтална. Үүнээс гадна эдийн засгийн төрөлжүүлэлтийг  яаралтай эхлүүлэх шаардлагатай байгаа ба эдийн засгийн төрөлжилтийн бодлогыг уул уурхайн бүтээгдэхүүний үнийн таатай үед эхлүүлбэл, илүү үр дүнтэй байдаг гэсэн судалгааны үр дүн бий. Энэхүү төрөлжилтөөс гадна эмзэг байдлыг багасгахад  эдийн засаг, санхүүгийн хамгаалалтыг бий болгох нь чухал. Өөрөөр хэлбэл, төсөв, гадаад валютын нөөц талаасаа нөөцтэй, хүрэлцээтэй байх ёстой. Энэ чиглэл рүү Монголбанк анхаарал хандуулж, үндсэн чиглэлдээ тусган ажиллаж байгаа" гэдгийг онцоллоо.

Зээлийн хүүнд хязгаар тавих тухай асуудлын хувьд Монголбанкнаас зээлийн хүүг бууруулах үндэсний стратегийн баримт бичиг боловсруулах ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа ба тус ажлын хэсгийн ахлагч ССГ-ын захирал Д.Ган-Очир  уг асуудлаар Монголбанкны байр суурийг илэрхийллээ.

Тэрээр "Зээлийн хүүг бууруулах стратегид урт болон богино, дунд хугацаанд юу хийх, төрийн байгууллагууд хэрхэн харилцан уялдаатай ажиллах  зэргийг тодорхойлно. Одоо гарч буй холбогдох тооцоо, судалгаануудаас  үзэхэд  гол шалтгаан нь Монгол Улс богино хугацааны гадаад шоконд маш эмзэг байна. Өөрөөр хэлбэл, гадаад нөхцөлөөс өндөр хамааралтай байгаа үед эдийн засгийн тогтвортой байдлаа дагаад бодлогын хүү тогтворжих боломж бага. Түүнчлэн инфляци тогтвортой бус, валютын нөөц хангалттай түвшинд бүрэлдээгүй, гадаад шокийг валютын нөөцөөрөө интервенц хийх замаар шингээх боломж хязгаарлагдмал зэрэг суурь  асуудлуудыг шийдэхгүйгээр өнөөдөр арга хэмжээ аваад, хүүг буулгах боломжгүй. 

Буулгасан ч суурь шалтгаанууд нь хэвээрээ байгаа учраас өнөөдөр буулгасан нь үр дүнд хүрэхгүй эргээд өснө. 

Төв банк зээлийн хүүг хүчээр тогтоож болох эсэх тухайд, банкны салбараас гарч байгаа бүх зээл, хадгаламжид хавтгайруулан хүүний дээд, доод хязгаар тогтоох нь эдийн засагтаа маш том сөрөг үр дагавартай ба санхүүгийн зуучлал зогсдог. Гэхдээ одоо явж байгаа хуулийн заалтыг бид арай өөр өнцгөөр харж байгаа. Тухайн аль нэг секторыг ач холбогдол, стратегийн хувьд дэмжих шаардлагатай гэж үзвэл тэр чиглэлд олгож байгаа зээлийн хүүнд хязгаар тогтоож өгөх эрх зүйн зохицуулалт байх шаардлагатай байна. 

Энэ утгаас нь харвал ийм зохицуулалт байж болно. Ипотекийн 8 хувийн зээл үүний нэг жишээ юм. Түүнээс бус нийтээр нь хавтгайруулах замаар зээлийн хүүг бууруулах зохицуулалт байж болохгүй гэдгийг төв банк ойлгож байгаа" гэв.

Эх сурвалж: Монголбанк