"Эрдэнэт Үйлдвэр"-ийн 49 хувьтай холбогдуулан ХХБ-ны ТУЗ-ын дарга Д.Эрдэнэбилэгийг өнгөрсөн сарын 28-нд ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр хорих ангид саатуулсан билээ.

Тэгвэл өчигдөр буюу зургаадугаар сарын 24-нд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнийг суллах шийдвэр гаргасан байна.

Шүүхийн шийдвэр

Д.Эрдэнэбилэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх саналыг прокурор гаргажээ Нийслэлийн Прокурорын газраас Д.Эрдэнэбилэгт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх саналыг өчигдөр (2019.06.24) гаргасныг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцжээ.

Яллагдагч Д.Эрдэнэбилэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байсан. Уг үндэслэл нь арилсан нөхцөл байдал нь прокуроруудын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон тул цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэхээр прокуророос шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан саналыг шүүх хүлээн авсан байна. Улмаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.13 дугаар зүйлийн 1, 7, 8, 9, 14.5 дугаар зүйлийн 1,  15.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон яллагдагч Д.Эрдэнэбилэгт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс хүчингүй болгож, суллажээ. Мөн суллагдсан өдрөөс эхлэн Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хэргийн оролцогч нартай уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг авчээ. 

Ингэснээр яллагдагч Д.Эрдэнэбилэгийг батлан даалтад гаргаж, гадуур шалгахаар болж байгаа юм байна