АН-ын бүлэг хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж 2017 оны төсөвт хориг тавьсныг дэмжиж буйгаа илэрхийллээ. Энэ талаар  АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн З.Нарантуяа нар Төрийн ордонд мэдээлэл хийсэн юм. Тэд төсвийн тодотгол бодлогын зарчимаа баримтлаагүй, хууль дээдлэх зарчим алдагдсан учраас ерөнхийлөгч хориг тавьсан гээд бүлгийн зүгээс хоригийг хүлээж авч байна гэв. Мөн Засгийн газар ОУВС-ийн шахаанд орж төрийн албан хаагчдад нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгох гэж буйг эсэргүүцлээ. Монгол тусгаар улс учраас гадны санхүүгийн байгууллагын хүсэлтээр хууль зөрчиж болохгүй гэлээ. Тэд багш нарын цалинг шууд 50 хувиар нэмэхэд 200 тэрбум шаардлагатай. Нэгэнт ийм том төсвийг засаг даахгүй учраас  цалинг үе шаттайгаар нэмэхийг дэмжиж байгаагаа илэрхийллээ.

Тиймээс 2018 оны төсөвт төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч, шаардлага тавина. Эрх баригчид төсвийн орлого нэмэгдсэн гэж ард иргэд ярьж байгаа ч ард иргэдийн амьдралд өөрчлөлт орохгүй байгаа нь үнэн. Хөөсөрсөн улс төрөөс салах цаг болсон гэдгийг сануулъя  гэж АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат хэлсэн юм.

Мөн ирэх жилийн төсвийг халамжийг дэмжсэн, орлогын хуваарилалт нь бодлогын шинж чанарыг агуулаагүй нь ирээдүйд урсгал зардлыг нэмэгдүүлж байгаа учраас эргэж харах шаардлагатай гэж үзэв. Тухайлбал хүүхэд бүрт цэцэрлэг хөтөлбөрийг хэрэгжүүлэхэдээ дан ганц төсвийн халааснаас шийдэж буй нь төсвийн хөрөнгө оруулалтын ачааллыг огцом нэмэгдүүлж байна гэв. Энэ төрлийн хөрөнгө оруулалтыг төр хувийн хэвшилдээ хамтарч хийх нь зүйтэй гэсэн саналыг хэллээ.