АН-ын 3 гишүүн Засгийн газрыг огцруулахыг эсэргүүцэж кноп дарснаар сүүлийн өдрүүдэд улс төр, нийгэмд нэлээд шуугиан тариад байна. Үүнтэй холбоотойгоор АН УИХ-ын гишүүн Ж.Батзанданг 4 жилийн хугацаатай намаас хөөж, Л.Болд, Д.Мурат нарыг сонгуульд нэр дэвших эрхийг нь 4 жилээр хасаж буйгаа өчигдөр мэдэгдсэн. Уг шийдвэрийг эсэргүүцэж УИХ-ын гишүүн Л.Болд АН-ын бүлгээс гарах хүсэлтээ мөн өчигдөр Бүлгийн даргадаа хүргүүлж буйгаа мэдээлсэн.

Тус мэдээллийн үеэр Л.Болд, Ж.Батзандан нар АН-ын дарга С.Эрдэнэ, АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат нарыг 60 тэрбумын хэргийг хамгаалж, М.Энхболдын халаасанд орсон хэмээн мэдэгдсэн.

Тэгвэл энэ талаар АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Тэрээр "Засгийн газрыг огцруулах талаарх үйл явдал гишүүдийн мөн чанарыг харуулж өглөө. АН Засгийн газрыг огцуулах шаардлагыг 7 удаа тавьсан. Энэ бүхэндээ нэгдмэл байр суурьтай байсан. 

Мөн ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зохион байгуулалттай бүлэглэн хулгайлсан явдал нь гэмт хэргийн шинжтэй учир АН-ын бүлэг энэ Засгийн газрыг огцруулах нь зүйтэй гэж үзсэн. Өнөөдөр ч энэ байр суурь дээрээ байгаа. Бид ЖДҮ-тэй холбоотой асуудлыг өөхшүүлэн хамгаалж болохгүй. Харамсалтай нь манай 3 гишүүн бүлгийн шийдвэрээс эсрэг санал өгсөн. 

Мөн Л.Болд гишүүн намын сахилгын шийтгэлийг эсэргүүцэж надад бичиг хүргүүлсэн. Л.Болдын хүсэлт нь хуулийн дагуу шийдэгдэнэ. Л.Болд өнөөдөр АН-ын гишүүн хэвээрээ байгаа. Намын шийдвэрээр 4 хүртэлх жилээр дээрх үйлдэлд нь улс төрийн хариуцлага оногдуулсан. Үүнийг би зөв гэж харж байгаа. 

УИХ-д 8-аас доошгүй суудал авсан нам бүлэг байгуулж болдог хуультай. Л.Болд намын гишүүн хэвээр байгаа учир бүлэг цаашид үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлнэ. Энэ талаар би тайлбар ирүүлэхийг хүсэж Улсын Дээд шүүхэд албан бичиг хүргүүлсэн. АН-аас сонгогдсон 8 гишүүн УИХ-д буй учир бүлэг үйл ажиллагаагаа явуулж болно. Хэрэв Л.Болд гишүүн намаасаа гарсан тохиолдолд бүлэггүй болох эрсдэл үүсч болно. Гэхдээ бүлэг тарна гэдэг хэн нэгэн хүн амныхаа зоргоор шийдчихдэг зүйл биш. Тодорхой хуулийн заалттай. Тус нам татан буугдвал, эсвэл бүлэг өөрөө тарах шийдвэр гаргавал татан буугдана гэсэн 2 заалт бий" хэмээн ярилаа.

Мөн тэрээр Л.Болд гишүүн олон удаа АН-ын нэрээр парламентад суусан, туршлагатай улс төрч. Би түүнд нэг л зүйлийг хэлье. Өнөөдөр ард түмнээ төлөөлж сөрөг хүчний дуу болж буй энэ бүлгийг тараах оролдлогыг санаатайгаар хийж болохгүй шүү гэдгийг Л.Болд гишүүнд хэлмээр байна хэмээв.