УИХ дахь АН-ын зөвлөл өнөөдөр хуралдаж, гурван асуудал хэлэлцсэн талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ.

Мэдээллийн үеэр тус зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат "Өнөөдөр АН-ын зөвлөл гурван асуудлыг хэлэлцсэн. Нэг нь С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийг хянах "Түр хороо" байгуулахаар болж буйтай холбоотойгоор санал, дүгнэлт хүргүүлж байна. УИХ-аас "Түр хороо" байгуулахыг АН-ын зөвлөл зарчмын хувьд дэмжиж байна. Гэхдээ санаа зовоож буй нэг асуудал байгаа. Эрүүдэн шүүх нь хүний эрхийг ноцтой зөрчсөн асуудал мөн. Энэ нь ардчилсан улсад байж боломгүй үзэгдэл гэдэгтэй бид санал нэгдэж байна. Гэхдээ эрүүдэн шүүсэн гэдэг дуулианаар С.Зориг агсны хэргийг замхруулах, будилуулах асуудал бий болохвий гэж бид болгоомжилж байна. Зөвхөн эрүүдэн шүүсэн гэсэн асуудлыг тойрон хэлэлцээд, зөвхөн эрүүдэн шүүсэн этгээдүүдэд хариуцлага тооцно гээд энэ хэргийг завхруулах асуудлыг бид хүлээн зөвшөөрч чадахгүй. Байгуулагдах гэж буй "Түр хороо" энэ хэргийг бүхэлд нь авч үзэх хэрэгтэй. 

Энэ хэрэг үндсэндээ 3 үе шат дамжиж явагдаж байгаа. Захиалагчийг зайлшгүй олох шаардлагатай. Тиймээс АН ажлын хэсэгт орсон гишүүдээр дамжуулж, энэ хэрэгт санал дүгнэлт тавих болно. 

Ер нь уламжлагдаж ирсэн МАН-ын нэг тактик тодорхой болж байгаа. Тухайлбал, Эрдэнэт үйлдвэрийг тойрсон асуудлаар дуулиан үүсгэчихээд ардуур нь хулгайлдаг, завшдаг, хэрэг дарагддаг хэвшил уламжлал болж байгаа. Эцэст нь Монголын эдийн засаг, ард түмэн хохирдог хуучин дүр зураг дахин давтагдаж байгааг бид сануулах ёстой. Тиймээс бид өмнө нь Ц.Нямдорж сайдад "мэдэж буй бол С.Зориг агсны хэргийн захиалагчийг зарлахыг шаардаж, харин эрүү шүүлт гэдгээр далимдуулан энэ хэргийг замхруулахыг АН хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ хэлсэн" хэмээн мэдэгдлээ.