УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат нар Австралийн Холбооны улсын Сидней хотын “Старс” казинод байх зураг нь шуугиан тарьсан. 

АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат нэр холбогдсон шуугианыхаа талаар дөнгөж сая тайлбар хийлээ. 

“Нэр бүхий гишүүд казинод орсон асуудлаар нэлээд шуугиж байна. Би Австралид анх удаагаа очиж байна. Энэ сарын 17-ны өдөр тус улсын аялал жуучлалын газруудаар явах төлөвлөгөөтэй байсан. “Старс” гээд аялал жуучлалын том төв байдаг юм билээ. Бид казиногоор нь ороод гарсан нь үнэн.  Тэр зураг дээрх хүн бол би. Үүнийгээ ямар нэгэн байдлаар зөвтгөх шалтгаан алга. Яг үнэндээ тэр үед биднийг ийм байдалд оруулчихна гэдгийг хэн ч санаагүй. Энэ шуугианыг далимдуулан хэн нэгнийг гүтгэж, бүү дайраасай гэж хүсч байна. Бид казинод тоглоогүй. Казиногийн асуудал монгол хэрэгжвэл нэлээд том зүйл болох юм байна. Нийгмийн уур амьсгал ямар байна вэ гэдгийг мэдэрлээ. Би бусад орны казинод залуу байхдаа тоглож байна.  Бид Д.Тогтохсүрэн, н.Чулуунхүү, Лүндээжанцан гээд дөрвүүлээ байсан. Тоглох мөнгөтэй ч хүн байгаагүй. Манай Лүндээ гишүүнд ямар юмны мөнгө байхав дээ. Бид хуулиа судлах гээд ороод үзсэн. Би өөрийгөө өмөөрч байгаа юм биш. Эмзэглээд ч байх юм алга. Энэ асуудал хуулийн дагуу л шийдэгдэх байх. Хэнийг ч хардаад зураг авчихлаа гэж бодохгүй байна” гэлээ.