Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн гуравдугаар хэлэлцүүлэг үргэлжилж байна.

Ажлын хэсгээс зөвшилцөн оруулж ирсэн, хоёр дахь хэлэлцүүлгээр шийдвэрлэгдсэн, УИХ дахь АН-ын зөвлөлөөс гаргасан "Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлэх, УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах" гэсэн хоёр санал гуравдугаар хэлэлцүүлэг дээр олонхын дэмжлэг авч чадалгүй уналаа.

Дээрх саналуудыг Төрийн байгуулалтын байнгын хороо дэмжсэн юм.

Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн, АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат "Тун харамсалтай байна. Өнөөдрийг хүртэл энэ асуудлаар бид МАН-тай зөвшилцөж ирсэн. АН-ын тавьсан гурван зарчмын саналын хоёр нь уналаа. Би үүнийг зөвшилцлийн үр дүн гарсангүй гэж харж байна. 

Нэг зүйлийг та бүхэнд тодорхой хэлэхэд, АН Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг өөрчлөхийн төлөө өнөөдрийг хүртэл шударга, зорилготой, бие биедээ итгэж явсан. Харамсалтай нь бидний тавьсан санал өнөөдөр унаж, АН үүнээс цааш Үндсэн хуулийн хэлэлцүүлэгт орох боломжгүй боллоо гэдгээ мэдэгдье. Үндсэн хууль ийм доголон хууль байж болохгүй. АН-ын гурван санал Үндсэн хуулийг бүтэн байлгахын төлөө, Ардчилсан парламентын төлөвшил, хөгжлийг бүрэн хангахын төлөө байсан юм" хэмээн мэдэгдлээ.

Дараа нь УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Зөвшилцсөнгүй. Манай Ардчилсан нам молигодуулсан байна. Молигодуулна гэдгийг би анхнаасаа өөрт нь хэлсэн. Харамсалтай нь үгэнд ороогүй. Өнөөдөр ард түмэнтэйгээ биш юм аа гэхэд суудал бүхий намуудтай зөвшилцөх ёстой байсан. Манай намтай бас зөвшилцөөгүй учраас би хэлэлцүүлгээс албан ёсоор гарлаа. 

МАН хуурамч ШИНЭ хүчинтэйгээ нийлээд энэ хуулиа батална биз. Та бүхэнд амжилт хүсье. Ард түмнээр дүн тавиулаад, албан ёсоор олонх болж ирээд олон алдааг чинь засаж өгөхийг хичээе" хэмээлээ.