Лондон дахь Холливудын загварыг урладаг “Stella McCartney”брэндийг манайхан мэднэ. “Битлз” хамтлагийн дуучин Пол Маккартнийн охины үүсгэн байгуулсан тус газрын оёдлын технологчоор монгол бүсгүй ажиллаад долоон жил болж буй. Тэрбээр нутагт нэгт охиныг ажилдаа урьж элсүүлснээр одоогоор Лондонд хоёр монгол бүсгүй дэлхийн оддын гоёлыг урлаж байна. Энэ шанг татсан Дамдины Энхцэцэгийг тантай уулзуулъя. 

-Намрын загварын шоу болох гээд тун завгүй байгаа болов уу. Гэсэн ч уншигчдад маань цаг гаргасан танд баярлалаа. Ямар бүтээл дээр ажиллаж байна? 

-Тийм ээ. Монголчууддаа налгар намрын сайхан өдрийн мэнд хүргэе. Жил бүрийн ес, аравдугаар сард Лондонд Итали, Америк, Франц, Их Британи улс дараа жилийнхээ зуны загварын шоуг зохион байгуулдаг. Мөн холливуудын жүжигчдийн шагналын ёслолууд ирэх 10 дугаар сараас эхэлнэ. Эдгээр шоунд бэлтгээд дараа жилийн зуны гоёлын загвар дээр ажиллаж байна. Урлагийн одод бидний хийсэн загваруудаас таалагдсанаа сонгоно, эсвэл өөрсдийнхөө хүсэлтээр өөр загвар, өнгөтэйг захиална. 

Гэхдээ захиалгын ажлыг өөр мэргэжилтэн хариуцдаг. “Стейлла Макартни” компанийнхаа загвар зохион бүтээгч, эсгүүрчин, оёдлын технологич гээд гурван хүнтэй нэг баг болоод ажиллаж байна даа. Коронагаас болоод Лондонгийн оёдлын газруудын ихэнх нь цахимаар хувцсаа зарж борлуулдаг болсон. Миний ажиллдаг компани голдуу Англи, Америкийн жүжигчдээс захиалга авч зөвхөн гоёлын даашинз урладаг. Холливудын жүжигчин Жулия Робертс л нэг удаа өмд, цамц захиалж байсан.

-Загваруудын хувьд цор ганцыг эзэнд нь зориулж урладаг болохоор аль ч талаараа үнэ цэнэтэй бүтээл болов уу?  Мөнгөөр үнэлвэл таны урласан, таны брэндийн хамгийн үнэтэй загвар нь аль байв?  

-Үнэхээр өөрт нь зориулж бүтээсэн цорын ганц гэдэг утгаараа эзэддээ мөнгөнөөсөө ч илүү үнэтэй байдаг болов уу. Ер нь гоёлын загваруудыг урлахад маш нарийн ажиллагаа шаарддаг. Загвараа бүтээхдээ эзнийх нь биеийн онцлогийг нарийн тооцож, өө сэвийг нь далдалж, илүү сайхан харагдуулахыг хичээнэ. Ихэнх оёдлыг гараар хийдэг л дээ. Оёдлын технологи нь өөрөө их үнэтэй, чанартай. Дэлхий дээрх цор ганц плажыг өмсөж байна гэсэн үг.  Гэсэн ч эзэд нь  цор ганцыг голдуу ганцхан л удаа өмсдөг. Английн хатан хааны бэрийн хуримын ёслолд нь зориулсан плаж манай “Stella McCartney”брэндийн хамгийн үнэтэй захиалга болов уу. Зөвхөн хуримынхаа зоогт зориулж  захиалсан энэ плаж 30 мянган паундын үнэтэй байсан байх аа. 

-Ийм гоёлын даашинзыг ямар хугацаанд урладаг бол? 

-Хурдандаа 14 хоног, удлаа гэхэд нэг сарын хугацаа орно. Миний хувьд холливудын од, кино жүжигчин Мегана Марклын  плажийг оёход хамгийн их хугацаа зарцуулсан. Харахад энгийн юм шиг мөртлөө гурав давхарлаж хийсэн болохоор маш олон гар оёдол орсон л доо. 

                              

Ер нь гоёлын хувцас урлахад загвар, хийцээс гадна материал маш чухал. Чанартай давуугаар энгийн загвар хийсэн ч ургаад ирдэг. Бид ихэвчлэн сунаж агшдаг, биед эвтэйхэн кади(cady)төрлийн Итали даавуугаар даашинзаа урлана. Англи оёдолчид, загвар үйлдвэрлэгчдийн 70 шахам хувь нь Италиас материалаа авдаг байх. Даавуу нь оёдол сайн даана, хэчнээн угаасан ч чанараа алдахгүй. Тиймээс ч Италичууд гар урлал, даавууны үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлсэн  хэвээрээ л байна. Харин торон материал үйлдвэрлэлээр Швейцар, Франц улс илүү сайн. Хээг үнэхээр сайн гаргадаг.  

-Энэ цаг үед гоёлын ямар хэв загвар трэнд болоод байна вэ?

-Сүүлийн үед залуу одод гялалзсан, шигтгээ чимэгтэй, секси стильтэй задгай загвар сонирхож байгаа бол дундаж насны одод классик загварыг түлхүү захиалж байгаа. Манай коллекцийн загвар ерөнхийдөө хормой нь газар унаж чирэгдсэн урт. Лондонгийн энэ зуны загвар 8О-д оныхтой адил шар, ягаан гээд тод хэрнээ ууссан өнгөтэй байлаа. 

Харин намрын загвар нь том халаастай, дөрвөлжин, гурвалжин маягийн том хээтэй. Пальто, пиджакыг голдуу ийм загвараар урлаж байна. Мөн савхин материалаар юбка, пиджак, плаж хийж өмсдөг болсон байна. Маш нимгэн торгомсог савхин хувцас загвар боллоо.

                             

-Та өөрийнхөө брэндийг бий болгохоор ажлаа эхэлж байгаа тухай нүүр номноо бичсэн байсан. Баяр хүргэе. Ажил хэр урагштай байна?

-Тийм ээ. “Энка Кочио” гэж нэртэй загварыг бий болгоё гээд төлөвлөж байна. Дөнгөж эхэлж байгаа болохоор цөөн хэдэн загварыг ажлынхаа хажуугаар туршиж гаргаж үзлээ. Баяр ёслолд өмсөх энгийн таван шинэ загвар хийсэн. Загвар, оёдлоо өөрсдөө хариуцаад эсгүүрээ хүнээр хийлгэж байна.

-Монгол хүний загвар гэдэг утгаар монгол үндэсний онцлогийг тусгах болов уу. Тийм боломж бий юу?  

-Энэ талаар бодож төсөөлж л байна. Хөндлөнгөөс харахад монгол, хятад загвар, хээ хуар төстэй болохоор Хятад юм шиг харагдах вий, ойролцоо болчих вий гэж болгоомжилж байгаа. Бас Монгол үндэснийхээ хээг энгийн, орчин үеийн хэв загвартай хослуулж, шингээж энгийн болгож хийж ч болох юм. Үүн дээр манай охин түлхүү ажиллах болов уу. Тэр Английн London College Communications ( University Art)коллежийг график дизайнераар төгссөн. Одоогоор үнэртэй усны дэлгүүрт туслах менежер хийж байгаа.

-Өөрийн гэсэн брэндтэй болоход ойролцоогоор хэчнээн хугацаа, хэдий хэмжээний хөрөнгө зарцуулах бол?

-Ажиллаж цуглуулсан хамаг хөрөнгөө хувцас болгочихдог, зарагдахгүй бол хэцүү. Бага багаар хийнэ гээд хашир үзэж байна. /инээв. сэтгүүлч/ Одоогоор өөрийн гэсэн эсгүүрчинтэй болсон. Үйлдвэрлэх, оёх өртөг нь үнэтэй л дээ. Яваандаа монголдоо оёдлын цех нээе гэж төлөвлөж байна. Зааж сургаад явбал монголчууд дутахааргүй сайхан оёно. Хөрөнгө оруулалт нь монголд л үлдэнэ гэсэн үг. Мөн сурсан бүхнээ монголчууддаа заах юм сан. Би хаяа монгол брэндүүдийн загвар, оёдлыг харж ажигладаг. Их өөрчлөгдөж, улам боловсронгуй болж байгаа. Харин материал  нь гологдох талтай. Гэхдээ сурах, сургах юм их байна. 

Английн зах зээл ZARA, H&M гээд хямд хэврэг хувцаснаас татгалзаж, эргээд чанартай хувцсанд  дурлаж эхэлсэн. Хятадаас хямд, чанар тааруу бараа орж ирээд хаширч байгаа юм болов уу. Бас өөрсдөө үйлдвэрлэгч байя гэж ярьдаг болжээ.   

-Европийн өндөр зэрэглэлийн загварын үйлдвэрлэлтэй холбогдох болсон таны түүх хэн хүний л сонирхол татах байх. Зарим залуус ч энэ зах зээлд хүчээ сориод үзье гэж бодож, төлөвлөж байгаа болов уу. 

-Би Англид анх хэл суръя, ажиллая гэж 1998 онд ирж байлаа. Үүнээс өмнө Киргизийн Бишкек хотноо ТМС-т оёдлын технологичоор сурчхаад “Шилмэл загвар” компанид ажилд орж, одоогийнхоор хорооллын ахуйн үйлчилгээний байранд ажиллаж байсан. Дараа нь Лондонд ирээд хэл сурч, салбартаа тэргүүлдэг Лондонгийн загварын коллежид (London College of Fashion (Uneversity of Art) элссэн. Сурахаасаа өмнө ресторанд зөөгч, менежер хийдэг байлаа. Харин коллежид орсныхоо дараа ажлаасаа гарч уушийн газар цагийн ажил хийдэг болсон. 

Хоол унд, сууцныхаа мөнгийг олох гээд дадлагадаа ч гарч амждаггүй байв. Гэтэл нэг орой “Хэдий болтол ингээд зөөгч хийх юм бэ, дуртай ажлаа хийж болохгүй гэж үү” гэж бодогдоод явчихсан. Түүнээс хойш дотор хүн маань байн байн сануулаад, дуртай ажил чинь, мэргэжлийн ажил чинь яасан бэ гээд байх шиг. Лондонгийн коллежийг загвар зохион бүтээгчээр төгссөн ч ажлын туршлага байхгүй гэдэг шалтгаанаар уушийн газар зөөгч хийгээд байсан хэрэг л дээ. Оюутнууд сурах хугацаандаа дадлага хийчихдэг бол би сургалтын төлбөрөө олох гээд мэргэжлийнхээ дадлагыг хийж чадаагүй л дээ. Тиймээс загвар зохион бүтээгчээр шалгуулахаар дадлага туршлагагүй гээд тэнцдэггүй байлаа.  

Ингээд чаддаг юмаа хийе гээд 2005 онд оёдолчноор ажилд орлоо. Victoria Beckham, Erdem, Ralph &Russo гээд орос, арабын баячуудын үйлчлүүлдэг брэндүүдийн, энгийн гээд олон компани дамжиж ажилласан. 2014 онд одоо ажиллаж байгаа компаниас оёдлын технологичоор ажиллах санал ирдэг юм байна. Үндсэн ажлынхаа хажуугаар мөн загварын компаниудад очиж давхар ажиллана. Олон сайн эсгүүрчин, оёдолчинтой найзуудтай ч болж байна.                

Одоо ч би сурч, суралцаж байна. Шинэ загвар гарах тусам шинэ арга техник сурдаг.  Заримдаа монголчилно гэдэг шиг хар ухаанаар хийнэ. Хар ухаан ч заримдаа их хэрэг болдог шүү. Сайхан загварыг хөлсөө дуслуулж гаргачхаад харах сайхан шүү. Энэ мэргэжилдээ дуртай болохоор “Илүү сайныг, сайхныг хийх юм сан, чадна”  гэх зэргээр өөрөө өөртөө урам өгдөг дөө.  Дуртай ажил минь болохоор ядарснаа мэддэггүй. Монгол залуусаа чадах чинээгээрээ дэмжинэ ээ.  

-Та одоо Лондонд амьдарч байгаа билүү?

-Тийм.

-Энэ сард “Зэрлэгүүдийг хүлээхүй” (Waiting for the Barbarians) киноны нээлт Лондонд болно гэж сонссон юм байна. Түүнд тоглосон жүжигчин Б.Ганчимэг мөн Лондонд амьдардаг гэсэн. Түүнтэй холбоотой байдаг уу? 

-Саяхан Ганчимэг бид хоёр уулзсан. Бид бие биенээ дэмжих хүсэл сонирхолтой байлгүй яахав. Холливудын одуудтай мөр зэрэгцэн амжилттай ажиллаж, монголынхоо нэрийг гаргаж яваа түүнээр маш их бахархаж байна. Сайхан ааштай, энгийн сайхан охин байна билээ. Тэр удахгүй Англид болох киноны нээлт, бусад уулзалт хөтөлбөрт өмсөх загваруудаа бэлтгэж байгаа. Манай загварыг ч сонирхдог үйлчилүүлэгчдийн маань нэг нь. Би ч өөрийнхөө хувийн загвараа сонирхуулсан. 

-Танд баярлалаа. 

-Монголчуудаа бүгдэд нь аз жаргал, эрүүл энхийг ерөөе. Монголдоо очихыг их хүсч байна. Энэ жил коронагоос болоод явж чадсангүй. Ирэх жил гэр бүлээрээ очно оо.