Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Газрын албатай хамтран төвийн зургаан дүүрэгт ил задгай автомашин худалдан борлуулж байгаа 69 иргэн, аж ахуйн нэгж байгууллагыг шалгаж, мэдэгдэл хүргүүлжээ.

Эдгээр аж ахуйн нэгжүүдэд автомашин худалдаалах зориулалтаар газар эзэмшүүлээгүй аж. Харин орон сууц, аж ахуйн, үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтын газар дээрээ автомашин худалдан борлуулж байжээ. Тиймээс тухайн газруудад Газрын тухай хуулийн дагуу газраа зориулалтын дагуу ашиглах шаардлагыг хүргүүлжээ.

Мэдэгдэл шаардлагыг 19 иргэн, аж ахуйн нэгж биелүүлж автомашин худалдаагаа зогсоосон байна. Харин үлдсэн 50 иргэн, аж ахуйн нэгж, байгууллага мэдэгдлийг хүлээн аваагүй юм. Иймээс холбогдох байгууллагуудаас Газрын тухай хуулийн дагуу газар эзэмших эрхийг хүчингүй болгох саналыг нийслэлийн Засаг даргад хүргүүлэхээр болсон байна.