“Хархорум” дижитал академийн үүсгэн байгуулагч Д.Энхбатын яриаг тоймлон хүргэж байна.

Залуучууд мөнгө яаж олох вэ гэж их асуудаг, мөнгө олох л ажил байвал араас нь гүйдэг. Гэтэл нэгэн харахад мөнгөө олоогүй, амжилтад ч хүрээгүй 40 нас хүрчихдэг. Энэ жишээг би үеийнхнээсээ ч харж байсан. Би 16-тай их сургуульд орж 20 настай төгсөж байлаа. Хамт төгссөн залуусын маань дунд надаас авьяастай, мундаг залуус олон байсан.  Тэд юу хийвэл мөнгө олох вэ гэж ярьцгаадаг байв. Өнөөдөр эргээд харахад тэдний ихэнх нь сураг алдарсан, хувь хүнийхээ хувьд амжилт олоогүй. Энэ талаар нэлээн бодож явдаг юм.

Би дээд сургуулиа төгсөөд 2-3 жил ажиллаад аспирантурт сурсан юм. Тэр үед Оросын шинжлэх ухааны академийн дэд ерөнхийлөгч Станислав Эмилянов гэж хүн байлаа. Математикч, тэр үеийн хамгийн том шагнал авсан Оросын алдартай эрдэмтний нэг. Нэг удаа энэ эрдэмтний 60 насны ой болсон юм. Би тэр үеэр хоол ундыг нь зөөж тусласан юм.  Мань эр бүх зочдоо үдэн гаргачхаад тагт дээр гарч ирэхэд бид нэг зүйлийн талаар ярилцаж билээ. Тэгэхэд би дотроо үргэлж бодож явдаг зүйлээ асуусан юм.

Тэр асуулт бол “Та  бол та бодсоор байгаад алдартай математикч болсон. Гэтэл би яах бол, ямар ч нээлт хийхгүй, насаараа тоо бодсоор ядуу тооны багш болох болов уу?” гэв.

Мань эр “Би яах вэ, дайны үед цөмийн зэвсэг хийж тэр салбарт ажилласан. Гэтэл та нарын цаг үе өөр. Би чамд нэг л зөвөлгөө өгье. Хэзээ нэгэн цагт чи над шиг 60 насныхаа ойг тэмдэглэнэ. Тэр үед өөрийнхөө хүсэж байсан зүйлээ хийсэн үү л гэж өөрөөсөө асууна. Тэр зүйл чинь бүтэх бүтэхгүй хамаагүй асуудал юм. Магадгүй та над шиг дайны үед ажиллаагүй учраас том шагнал авахгүй ч байж болно. Эсвэл амжилтад хүрч магадгүй. Гэхдээ тэр зүйл тань бүтсэн ч эс бүтсэн ч санаж хүсэж явсан зүйлээ хийж үзсэн бол та хамгийн азтай хүн. Харин хийж үзээгүй бол та хамгийн азгүй нь гэсэн үг.” гэж тэр хэлсэн.

 

Зарчим бол ердөө энэ. Хөлбөмбөгчин хүн бөмбөг ирвэл заавал өшиглөдөг. Гоол орохоор бол цохино, орохооргүй бол цохихгүй гэж боддоггүйтэй л ижил. Тэд бөмбөг ирсэн бол өшиглөнө. Энэ бол чиний амьдралд ирсэн боломж. Нэг цаг 30 минутын тоглолтын үеэр ганц гоол хийсэн ч тэр нь спортын түүхэнд бичигдэж ч болно. Тэр хүний үүрэг юу гээч, ирсэн бөмбөгийг бүх авьяасаараа байгаа чадлаараа цохих, бусад нь бурхны хийх ажил” 

Амжилт гэж юу вэ гэж хүмүүс асуудаг. Хоёр янзаар тодорхойлоод үзье. Нэг нь 100 сая доллар олохоор нь хэмжиж болох үзүүлэлт.  Энэ бол барууны тодорхойлолт. Тэд амжилтыг ямарваа нэг зүйлд хүрэх эцсийн цэг гэж хардаг. Дорнын сэтгэхүйд амжилтыг процесс гэж хардаг. Энэ бол хүн болгон өөрийнхөө үнэ цэнд хэр ойр амьдарч байснаар нь хэмжих ойлголт.  100 сая доллартай хүн амиа хорлоод үхчихдэг талаар кинонд гардаг шүү дээ.  Энэ бол амжилтыг мөнгөөр бус хүний өөрийн үнэ цэнтэй хэр ойр амьдарч байгааг хэмжиж байгаагийн илрэл. Стив Жобсийн “Time” сэтгүүлд өгсөн ярилцлагыг уншсан. Тэр үнэхээр суут хүн юм гэж үү. Түүнээс мөнгө, эд баялгийн талаар асуухад “Би оршуулгын газрын хамгийн баян хүн баймааргүй байна” гэж хошигнон хариулсан байдаг. Түүний хийсэн бүтээснийг харахад нэг л зүйл харагддаг. Тэр нь хувь хүний үнэ цэн, компанийн үнэ цэн хоёр төгс зохицож байгаагийн илрэл. 

Хамгийн чухал нь өөрөөрөө л байх ёстой. Би Стив Жобсийг дуурайж хар цамц, цэнхэр жинс өмсөх нь утгагүй. Иймээс хүн өөрийгөө танин мэдэж, юу хүсэж байгаагаа мэдэх учиртай. Тэгээгүй цагт хэзээ ч та баян болж чадахгүй. Магадгүй та гудамжнаас боодолтой мөнгө л олж мэдэх юм. Анзаараад үзээрэй, дуртай ажлаа хийж байгаа хүн ядардаггүй. 

Стив Жобс гэхэд хавдар өвчний улмаас нас барахаасаа өмнөх өдөр хүртэл ажиллаж л байсан. Хэрвээ дургүй ажлаа хийж байсан бол таван жилийн өмнө л эмнэлэгт хэвтчих байсан биз. Энэ бол дуртай ажлаа хийж байгаа хүн ядардаггүй гэдгийн баталгаа. Эндээс амжилт гаргая гэвэл өөрийгөө тань гэж хэлмээр байна. 

Амжилт гэдэг таны дотор, таны үнэ цэн, хүсэл мөрөөдөлд байдаг юм. Амжилтын нууц хүрэх том зорилгодоо бус харин эхлэх жижиг алхамдаа байдаг. Тэгээд өдөр бүр жижиг алхмаа давтана… алдаанаасаа суралцана… маргааш нь дахиад л давтана… хүрэх цэг хүртлээ давтана. Тэр нь хөдөлмөр, тэвчээр хоёр гэсэн үг. Амжилтад өөр ямар ч нууц байхгүй.