Шинэ коронавирусийн талаарх ДЭМБ-ын мэдээллийг өнөөдөр ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл өглөө.

Тэрээр "Өнөөдрийн байдлаар шинэ коронавирус дэлхийн 79 оронд бүртгэгдсэн. Нийт 95424 хүн уг халдвараар өвчилж, 3283 хүн нас барсан. Өвчлөл БНСУ, Япон, Итали, Ирак, Иран, Герман, Испани, Франц зэрэг орнуудад голомтлон тархаж байна. Унгар, Польш, Словани гэсэн гурван оронд анхны батлагдсан тохиолдол бүртгэгдлээ. 

ДЭМБ-аас уг халдварыг маш өндөр эрсдэлтэй гэж дүгнэсэн хэвээр буй. 

БНСУ-д 438 шинэ тохиолдол бүртгэгдсэнээс 327 нь Дэгү хотод байна. Тус хотод дэгдэлт нэмэгдсэн нэг шалтгаан нь тус хотод салса бүжгийн дугуйланд явдаг хүмүүс халдварласан байна.

Мөн Японы Осако хотод театрын тоглолт үзсэн 15 хүн шинээр халдварласан. Эдгээр нь олон нийтийг хамарсан үзвэр, арга хэмжээнд оролцох нь халдвар тархах эрсдлийг нэмэгдүүлж буйг харуулж байна. Австрали, Америкт ахмадын газрын өндөр настнууд голомтлон өвчилсөн. Энэ нь мөн эрсдэлт бүлэг болох өндөр настан, архаг хууч өвчтэй болон гэрийн асрамжид байдаг хүмүүс, дархлаа дарангуйлах эм хэрэглэдэг, халдвартай хүмүүс уг өвчинд өртөх эрсдэл хамгийн өндөр буйг харуулж байна.

Шинэ коронавирусийн талаар ДЭМБ-ын Ерөнхий захирал Терос Адханом "Энэ өвчин бол улирлын томуу биш. Томуугаас хэд дахин хүчтэй тархаж, нас баралт хэд дахин олон байна. Одоогоор дэлхий дахинд уг өвчний эсрэг дархлаатай нэг ч хүн байхгүй. Тиймээс улс бүр, хүн бүр тайвширч болохгүй. Хариу арга хэмжээ, бэлэн байдлаа хангаж, урьдчилан сэргийлэлтээ улам эрчимжүүлэх шаардлагатай байна" гэдгийг онцгойлон тэмдэглэсэн" хэмээлээ.