ДЭМБ-ын Онцгой байдлын хороо Швейцарын Женев хотод пүрэв гарагт хуралдсан юм.

ДЭМБ-ын төв байранд болсон шуурхай хорооны хуралдаанд бие даасан 16 шинжээч оролцсон байна.

Уг хурлаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ шинэ төрлийн коронавирусийн халдвар Хятадаас өөр олон улс оронд бүртгэгдсэнтэй холбогдуулан олон улсын хэмжээнд онц байдал зарлажээ.


“Хятад улсын бус бусад улс орны нөхцөл байдлыг харгалзан үзсэний дүнд олон улсын хэмжээнд онц байдал зарлах шийдвэрийг гаргалаа. Уг вирусний халдвар эрүүл мэндийн тогтоцоо сул орнуудад тархаж болзошгүйд санаа зовниж байна” гэж ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебреем мэдэгджээ.

Ингэснээр дэлхийн улс орнууд эрүүл ахуйн хяналтын дэглэмээ чангатгаж, олон улсын нислэг, төмөр замын харилцааг зогсоох, хилийн боомтуудаа хаах зэрэг арга хэмжээг авах нөхцөл байдал үүсэх юм.

Хятадын эрүүл мэндийн байгууллагын өгч буй мэдээллээр өнөөдрийн байдлаар коронавирусийн халдварын 9692 тохиолдол бүртгэгдэж, 213 хүн амь насаа уг халдварын улмаас амь насаа алдаад байна. Энэ уг халдвар гарснаас хойшхи хамгийн өндөр үзүүлэлт билээ.