Шинэ коронавирусийн нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Энэ үеэр ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа "Өнөөдрийн 09.00 цагийн байдлаар шинэ коронавирусийн нийт тохиолдол 223-аар, нас баралт 21-ээр нэмэгдсэн. Дэлхий нийтийг түгшээсэн, хүн амын эрүүл мэнд, нийгэм, эдийн засагт асар сөрөг нөлөө үзүүлж буй коронавирусийн халдвар 50 хоногийн дотор дэлхийн 28 улсад тархлаа.

ДЭМБ-ын Ерөнхий захирлын тэмдэглэснээр вирусийн дэгдэлтийг хязгаарлах боломж өдөр ирэх тусам хумигдаж байна. БНСУ өчигдрөөс эхлэн онц байдал зарлалаа. Италид хоёрхон хоногийн дотор 150 гаруй тохиолдол бүртгэгдэж, 10 хотод хөл хорио тогтоож, олон нийтийг хамарсан арга хэмжээнүүдийг цуцалсан.

БНСУ-д сүүлийн гурав хоногт шинээр 446 тохиолдол бүртгэгдсэнээс 326 нь сумийн цуглаанд очсоноос халдвар авсан. Тус улсад эрүүл мэндийн тогтолцоо сайн хөгжсөн, өндөр технологи хэрэгсэлтэй ч уг халдварт бүрэн бэлтгэлтэй гэж хэлэхэд хэцүү байна.

Уг вирусийн эсрэг вакцин гаргаж аваагүй энэ үед хамгийн найдвартай, үр дүнтэй арга бол урьдчилан сэргийлэлт. Төр засаг авч болох бүхий л арга хэмжээг нөөцөө дайчлан авч байна. Иймд уг шийдвэрийг дагаж мөрдөж, хүн болгоны хийж чадах үйлдэл болох амны хаалт тогтмол зүүж, олон хүнтэй газраар явахгүй байхыг уриалж байна" хэмээлээ.

Өнөөдрийн 10.00 цагийн байдлаар коронавирусийн нийт 78986 тохиолдол бүртгэгдэж, 23341 хүн эдгэрч, 2465 хүн нас баржээ. Уг вирус дэлхийн 28 оронд бүртгэгдсэн, манай улсад бүртгэгдээгүй. Сүүлийн өдрүүдэд эх үүсвэр нь тодорхойгүйгээр бусдад халдварлах тохиолдол нэмэгдэж буйг ЭМЯ-наас анхааруулж буй. БНСУ, Итали зэрэг БНХАУ-аас өөр орнуудад тархалт эрчимжиж, БНСУ онц дэглэм тогтоогоод байна.