Шинэ коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Өнөөдрийн байдлаар коронавируст халдвар дэлхийн 216 орон, бүс нутагт бүртгэгдэж, нийт 18.214.000 хүн өвчилж, 695.000 хүн энджээ. Одоогийн байдлаар нийт 11.664.000 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан байна. Өвчлөл дөрөвхөн хоногт нэг сая гаруйгаар нэмэгдэж, халдварын тархалт огт буурахгүй байна.

Сүүлийн 24 цагийн дотор АНУ-д 47.000, Энэтхэгт 50.000, Бразилд 16.000 хүн шинээр өвчилсөн байна. Иймд ДЭМБ-ын Ерөнхий захирал цартахлыг зогсоохын тулд дараах зүйлийг хэрэгжүүлэхийг Засгийн газар болон иргэдэд хичээнгүйлэн уриаллаа. Үүнд, 

Засгийн газрын хувьд шинжилгээ сайн хийх, хавьтлыг тусгаарлах, илрүүлэх, тусгаарлах, эмчлэх гэсэн арга замыг сайн хийх шаардлагатай.

Хувь хүний хувьд хүн хоорондын зай барих, тогтмол амны хаалт зүүх, гараа угаах, зөв ханиаж найтаах арга дадлыг эзэмшиж хэвшүүлэх нь зүйтэй хэмээсэн.

Мөн тэрээр "Бид коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх үр дүнтэй хэд хэдэн вакцин гарна гэж найдаж байна. Гэвч одоогоор ид шидийн шийдэл байхгүй бөгөөд хэзээ ч байхгүй байж магадгүй" гэдгийг онцлон анхааруулсан.

Сүүлийн 24 цагийн хугацаанд хойд хөрш ОХУ-д шинээр 5394 хүн коронавирусээр өвчилж, 78 хүн эндсэн байна. БНХАУ-д 114 тохиолдол шинээр бүртгэгдсэний 6 нь гадаадаас зөөвөрлөгдөн орж иржээ.

Япон улсад сүүлийн 14 хоногт өвчлөл эрчтэй нэмэгдэж байгаа бөгөөд 24 цагт 694 хүн шинээр өвчилж, 2 хүн эндсэн байна" хэмээлээ.

ДЭМБ-ын Онцгой байдлын хороо гурван сарын өмнө хуралдах үед коронавирусийн нийт 3 сая тохиолдол бүртгэгдэж, 200.000 хүн нас барсан байсан. Гэвч өнөөдрийн байдлаар тохиолдлын тоо 5 дахин нэмэгдэж 18 сая, нас барсан хүний тоо 3 дахин нэмэгдэж 669 мянга болсон байна. 


ДЭМБ-ын Онцгой байдлын хорооноос коронвирусийг хяналтдаа авах чиглэлээр улс орнуудад дараах зөвлөмжүүдийг онцгойлон өгч байна.

1. Дэлхийн улс орнууд коронавирустэй тэмцэж буй тэргүүн туршлагаа хоорондоо хуваалцах

2. Засгийн газрын үүрэг, оролцоо, манлайллыг дээшлүүлэх

3. Шинжлэх ухааны нотолгоо,туршлагад суурилсан үндэсний стратеги хэрэгжүүлэх

4. Тухайн орон, бүс нутаг бүр өөрийн онцлогтоо тохирсон хариу арга хэмжээний менежментийг сайжруулах шаардлагатайг онцолжээ.