Коронавирустэй холбоотой цаг үеийн асуудлаар Эрүүл мэндийн яам өнөөдөр мэдээлэл хийлээ.

Энэ үеэр ЭМЯ-ны Эмнэлгийн туламжийн газрын дарга Я.Буянжаргал "Өнгөрсөн баасан гарагт ДЭМБ-ын бүсийн сайд нарын цахим хурал болсон. Тус хурлын үеэр ДЭМБ-ын байгууллагын Шадар захирал "Шинэ коронавирус одоог хүртэл бүрэн тодорхой болоогүй. Гэхдээ нэлээд тодорхой чиглэлтэй болж байна. Дэгдэлтийн нөхцөл байдал арай өөрчлөгдөж, гэр бүл, найз нөхдийн дотор халдвар тархах байдал үүсэж байна. Энэ нь энгийн байдлаас давсан хүч чадал шаардаж байна" хэмээсэн. Мөн манай улсын Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааныхаа талаар мэдээлэл хийсэн. 

ДЭМБ-аас өгч буй гол удирдамж бол нийт хүн амд чиглэсэн зөв мэдээлэл хамгийн чухал байна. Сэтгэлзүйн бэлтгэлийг сайн хангах ёстой. Нийгмийн нөөцийг дайчилж, иргэдийн хариуцлага оролцоог сайжруулах хэрэгтэй. Ойрын хавьтлуудыг шуурхай илрүүлэх, гэрт тусгаарлагдан өөрийгөө ажиглах чиглэлд иргэдийг сургах, зөвлөмжүүдийг хэрэгжүүлж чадвал өрийгөө хамгаалж чадна гэсэн итгэл үнэмшлийг бий болгох талаар зөвлөмж өгсөн. 

Шинэ коронавирусийн эсрэг вакцин гаргахад 12-18 сарын хугацаа шаардлагатай байгааг ДЭМБ-аас мэдэгдсэн" хэмээлээ.

Өнөөдрийн байдлаар Монголд коронавирус бүртгэгдээгүй. Улсын хэмжээнд сэжигтэй тохиолдол 16, ажиглалтад 309 хүн байна. Ажиглалтад ХӨСҮТ-д 88, Цэргийн төв эмнэлэгт 65, Улсын хоёрдугаар эмнэлэгт 9, Асралт мед эмнэлэгт 32, Жаргалантын ам дахь ОБЕГ-ын сувилалд 41, бусад хүмүүс нь Баян-Өлгий, Орхон, Сэлэнгэ, Хэнтий, Өвөрхангай, Дорнод аймгуудад байна

Нэгдүгээр сарын 09-нөөс өнөөдрийг хүртэл 705 хүнийг ажиглалтад авч, сэжигтэй 227 тохиолдлыг тусгаарлан шинжилгээ хийжээ.

Өнөөдрийн байдлаар коронавирус дэлхийн 58 оронд тархаж, 87003 хүн өвчилж,  2977 хүн нас барж, 42143 хүн эдгэрчээ.


Шинэ коронавирустэй холбоотой асуудлаар Улсын онцгой комисс өнөөдөр 12.00 цагт хуралдахаар болжээ.