Шинэ коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Өнөөдрийн байдлаар коронавируст халдвар дэлхийн 216 орон, бүс нутагт бүртгэгдэж, нийт 15.349.000 хүн өвчилж, 629.000 хүн энджээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 247.000 хүн коронавирусээр өвчилж, 7.000 гаруй хүн нас барсан байна. 

Өчигдөр ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесус "Коронавирусийн эсрэг хариу арга хэмжээний гол тулгуур хоёр хүчин зүйл байна. Нэгдүгээрт, улс төрийн манлайлал, хоёрдугаарт олон нийтийн оролцоо чухал. Цар тахал бидний амьдралын хэв маягийг өөрчилсөн. Цаашид хуучин хэв маягаараа амьдарч болохгүйг коронавирусээр энэ олон хүн нас барсан нөхцөл байдал харуулж байна. Тиймээс бид амьдралын шинэ хэв маягт дасан зохицох арга замыг хэрэгжүүлэх ёстой. 

Шинэ хэв маяг гэдэг нь та хүнтэй харьцахдаа зай барьдаг уу, гараа тогтмол савандаж угаадаг уу, амны хаалт зүүдэг үү, эрүүл мэндийн байгууллагаас өгч буй зөвлөмжийг дагадаг уу гэсэн 4 асуулт юм. Та өөрөөсөө асуугаарай. Хариулт нь таныг коронавирусээс сэргийлж чадах эсэхийг тань илэрхийлнэ" хэмээсэн. 

Мөн БНХАУ-ын "Синофарм" компанийн захирал "Энэ оны сүүлчээр коронавируст халдварын эсрэг вакциныг үйлдвэрлэх боломжтой болно" гэж мэдэгдсэн байна.

Манай улсын хувьд өчигдөр ажиглалтад шинээр 36 хүн хүн орж, 633 хүн ажиглалтаас гарсан. Одоо нийт 2668 хүн ажиглалтад байна. Тэдэнд нийт 208 төрийн албан хаагч тусламж, үйлчилгээ үзүүлж байна. Цэргийн төв эмнэлэгт тусгай үүргийн онгоцоор ирсэн 41 хүн хэвтэн эмчлүүлж байна. Эдгээрээс 4 хүний биеийн байдал хүндэвтэр эрчимт эмчилгээний тасагт байна" хэмээлээ.