Шинэ коронавирус халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Өнөөдрийн байдлаар коронавируст халдвар дэлхийн 216 орон, бүс нутагт бүртгэгдэж, нийт 6.551.000 хүн өвчилж, 386.000 хүн нас баржээ. Сүүлийн тав хоногийн хугацаанд өдөрт 100.000 гаруй хүн өвчилж, 3000-4000 хүн нас барсан нь өвчний тархалт эрчтэй хэвээр буйг харуулж байна гэдгийг ЭМЯ-наас анхаарууллаа.

Харин манай улсын хувьд коронавирусээр өвчилсөн 21 хүн өнөөдөр эдгэрэн ХӨСҮТ-өөс гарсан байна. Өчигдөр нийт 469 хүн шинжилгээ хийхэд нэгээс нь коронавирус илэрчээ. Улмаар Монгол Улсад коронавирусийн нийт 186 тохиолдол бүртгэгдэж, 65 нь эдгэрлээ.

Мэдээллийн үеэр ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "ДЭМБ-ын өчигдрийн хурлаар "Covid-19"-ыг үүсгэгч коронавирус мутацад орсон талаарх судалгаа нотлогдоогүй гэсэн сайхан мэдээг хэлсэн. Энэ нь вирусийн хоруут чанар, халдвар дамжих байдал, хүнд өвчлөл үүсгэх нөхцөл нь өөрчлөгдөөгүй гэсэн үг. Өөрчлөгдөөгүй нь цаашид уг вирусийн эсрэг вакцин гаргахад эерэг үр нөлөөтэй. 

БНСУ-д 13 жижиг сүмийн үйл ажиллагаа, цахим түгээлтийн газартай холбоотойгоор өвчлөлийн тоо нэмэгдсэн. Иймд нэлээд хэдэн газар сургууль, цэцэрлэг, хуримын үйл ажиллагааг эргэн зогсоосон. Мөн оршуулгын ёслолд цөөн хүн оролцуулах журмыг мөрдөж эхэлжээ. Дэлхий дахинд хөл хориог жаахан сулруулахад өвчлөл эргэн дэгдэж буй нь эдгээрээс ажиглагдаж байна. 

Хүүхдүүд коронавирусээр өвчилсөн тохиолдолд нэлээд хүнд хэлбэрээр өвдөж байгааг АНУ-ын судалгаа баталж, анхааруулж байна. Мөн олон эрхтэн тогтолцооны үрэвслийн хам шинж АНУ-д нэлээд гарч байгааг эцэг эхчүүдэд анхааруулж байна" гэв.