ОХУ-ын Красноярск хотноо ирэх 03 дугаар сарын 02-12-нд Дэлхийн оюутны спортын өвлийн XXIX Универсиад наадам спортын 11 төрөлд болж, 60 орны 3500 гаруй төлөөлөгчид оролцоно. 

Манай улсаас цана, цанын орон зай баримжаалах, шорт трейк, уран гулгалт, фристайлын спортын таван төрөлд 16 тамирчин, 6 дасгалжуулагч, албаны 4 нийт 26 хүний бүрэлдэхүүнтэй оролцохоор бэлтгэлээ хангаад байна.

Баг тамирчдыг үдэн гаргах ёслол өнөөдөр Спортын төв ордонд боллоо. Тус арга хэмжээнд БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан, ОХУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ-ны 1 дүгээр нарийн бичгийн дарга М.В.Джеваков, БТСГ-ын дарга Ц.Шаравжамц, МОСХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Жаргалсайхан нарын албаныхан үг хэлж, амжилт хүсэв.

Ёслолын үеэр баг тамирчид тангараг өргөж, БТСГ, МОСХ-ноос бэлтгэсэн Испанийн “КЕЛМЕ” брендийн 8-н иж бүрдэл хувцасыг захиалан хийлгэснээ гардуулан өглөө. 

Тамирчдад Монгол улсын төрийн далбааг БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан багийн тугч цанын тамирчин, ОУХМ Б.Ачбадрахад гардуулан өгч амжилт хүслээ.

Өвлийн Универсиад наадамд Монголын баг тамирчид анх 1991 онд Японы Саппоро хотноо болсон арга хэмжээнээс эхлэн оролцож байсан түүхтэй. Түүнээс хойш Монголын оюутан тамирчид 14 дэх удаагаа өвлийн Универсиад наадамд хүчээ сорьж байна. Монголын тамирчид Универсиадаас медаль авч чадаагүй ч гэсэн дэлхийн орнуудтай адил энэхүү том наадамдаа тамирчдаа бэлтгэн оролцуулах, тамирчид хувийн амжилтаа ахиулах, олимпийн оноого нэмэх зорилготой оролцож байна.

Энэ удаагийн наадмаас эхлэн Монголчууд анх удаагаа уран гулгалт, цанын орон зай баримжаалах спорт, фристайлын төрлүүдэд оролцож буй юм.