Шинэ коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Мэдээллийн үеэр ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Өнөөдрийн байдлаар коронавируст халдвар дэлхийн 216 орон, бүс нутагт бүртгэгдэж, нийт 10.400.000 хүн өвчилж, 507.000 хүн энджээ. Сүүлийн хоёр хоногт шинээр 400.000 гаруй хүн уг вирусээр өвчилж, халдвар эрчтэй тархаж байна. 

Сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 200.000 гаруй хүн коронавирусээр өвчилж, 3.000 гаруй хүн нас барсан байна. Мөн 24 цагийн дотор АНУ-д 41.000, Бразильд 24.000, Энэтхэгт 18.000 тохиодол шинээр бүртгэгджээ. 

АНУ, БНХАУ, Англи зэрэг дэлхийн эрдэмтдээс бүрдсэн Халдварт өвчний математик тооцооллын төвийн судлаачид дэлхийн нийт хүн амын таван хүн тутмын нэг буюу 1.7 тэрбум хүн коронавируст халдвараар өвчилж, нөхцөл байдал хүндрэх эрсдэлтэй гэж тооцоолсон байна.

ДЭМБ-ын өчигдрийн хэвлэлийн хурал дээр ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесус "Зарим улсад тодрхой ахиц гарсан ч дэлхий даяар цар тахал маш хурдтай тархаж байна. Цар тахал буурах болоогүй. Ирэх саруудад дэлхийн бүх улс орны өмнө тулгарах чухал асуудал бол коронавирустэй хэрхэн амьдрах вэ гэдэг асуулт байна. Хүн бүр өөрийгөө коронавирусийн халдвараас сэргийлэх арга байна. Өөрийгөө болон бусдыг хамгаалах хэрэгтэй. Амны хаалт зүүх, хүн хоорондын зайг барих, гараа тогтмол угаах, биеийн тамираар хичээллэх, ханиалгахдаа ам хамраа таглах, гэртээ байх, зөвхөн найдвартай эх сурвалжаас мэдээлэл авч түгээх зэрэг нь өөрийгөө өвчлөлөөс хамгаалах гол арга. Тэсвэр тэвчээр, өгөөмөр сэтгэлийн нөөц, эв нэгдэл бидэнд тун удахгүй улам их хэрэгтэй болно" гэдгийг онцлон хэлсэн.

ОХУ-д сүүлийн 24 цагт нийт 6.719 хүн шинээр өвчилж, 53 хүн нас барсан байна. Улмаар өвчлөлийн тоогоор дөрөвдүгээрт орж байна. Манай улсын олон аймагтай хил залгадаг Буриад, Эрхүү, Тува, Чит мужид өвчлөл сүүлийн хоногт 29-126 тохиолдлоор нэмэгдэж, өвчлөлийн эрч буурахгүй, тууштай нэмэгдэж байна. Ялангуяа Тувад ачааллаа дийлэхгүй эмнэлгийн тусламж, үйлчилгээнд доголдол үүсчээ" хэмээлээ.

Монгол Улсад коронавирусийн нийт 220 батлагдсан тохиолдол бүртгэгдсэн. Тэдний 175 нь эдгэрсэн. Одоо 45 хүн эмчилгээнд буйгаас 34-ийнх нь биеийн байдал хөнгөн, 11 нь хүндэвтэр байна. Эдгээрт коронавирусийн халдвартай жирэмсэн эмэгтэй хоёр, хүүхэд хоёр байна.