Дэлхийн мисс тэмцээнийн эцсийн шатны шалгаруулалт маргааш орой болно. Манай улсыг төлөөлөн оролцож буй мисс М.Цэвэлмаа мультимедиа шалгаруулалтын санал асуулгаар 3 дугаар байр эзэлсэн амжилт үзүүлээд буй. Мөн морин хуур, хөөмийн аянд биелгээний үзүүлбэр үзүүлж авьяаслаг миссүүдийн тоонд багтаад байна.

Үүнээс гадна Head to head challenge буюу ярилцлагын шалгаруулалтад багийнхаа ялагч болж шилдэг 20 миссийн нэгээр шалгарсан амжилтыг үзүүлээд байна. Энэхүү үзүүлэлтийг хангасан оролцогч "Дэлхийн мисс"-ийн шилдэг 40 оролцогчийн нэгээр автоматаар ордог уламжлалтай.

М.Цэвэлмаа нь хүний их эмч мэргэжилтэй бөгөөд хүмүүнлэгийн ажлын хүрээнд “Эрүүл Монгол-Эрүүл дэлхий” төслийг санаачлан хэрэгжүүлсэн нь шүүгчдийн анхаарлыг татсан байна.  Тэрбээр элэг шилжүүлэн суулгах хагалгаанд нэг хүнийг оруулж, хандивын аян өрнүүлэн хагалгааны дараах бүхий л зардлыг төлж, элэгний В, С вирусээс урьдчилан сэргийлэх зорилгоор нийт 460 гаруй хүнийг вакцинд хамруулсан юм.

Сонирхуулахад маргааш болох тус тэмцээнийг манай улсын мисс М.Цэвэлмаагийн танилцуулга бичлэгийн хэсгээр нээхээр болжээ.