Дэлхийн хуримтлалын өдрийг тохиолдуулан Монголбанк, Монголын банкны холбоо, Германы Хөгжлийн хамтын ажиллагааны Шпаркассе банк болон Монголын арилжааны банкууд хамтран жил бүр зохион байгуулдаг арга хэмжээ 10 дугаар сарын 31-ний өдөр Хүүхдийн ордны үзэсгэлэнгийн танхимд боллоо.

Голомт банк уг арга хэмжээнд энэ жил Дижитал хуримтлалын бүтээгдэхүүнээрээ оролцож, дэвшилтэт хуримтлалын бүтээгдэхүүнээ танилцуулсан бөгөөд энэ хүрээнд тус банк хиймэл оюун ухаан ашиглан сонирхолтой боломжуудыг харилцагчдадаа олгосон юм. Тухайлбал, царай таних технологиор харилцагчдын нас, хүйс зэрэг тодорхой мэдээллийг боловсруулсны үндсэн дээр сар тутам хуримтлуулах боломж бүхий мөнгөн дүнг дэлгэцэн дээр тооцоолон гаргаж өгөх, цаашлаад хүссэн хугацаандаа хуримтлуулсан байх боломж бүхий мөнгөн дүнгээ шууд харах боломжийг олгосон байна. Мөн хэрэглэгчдэдээ цахимаар хуримтлалын данс нээж өгөх үйлчилгээг арга хэмжээний үеэр үзүүлсэн нь иргэд хуримтлалын данс нээхийн тулд банк орох шаардлагагүй болж, цаг заваа хэмнэснээрээ ач холбогдолтой болсон төдийгүй харилцагч хуримтлуулах дадал суусан эсэхээ мэдэж, зөвлөгөө авснаар хуримтлалын талаарх мэдлэгээ нэмэхэд ихээхэн түлхэц болсон байна.Дэлхийн хуримтлалын өдрийг 1924 оноос хойш жил бүрийн 10 дугаар сарын 31-ний өдөр дэлхий даяар тэмдэглэн өнгөрүүлсээр иржээ. Ингэхдээ банк санхүүгийн байгууллагууд иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор ирээдүйдээ зориулан хуримтлал бий болгохын ач тусыг сурталчлан таниулах арга хэмжээг тогтмол зохион байгуулахад чиглэж байна. Манай улсын хувьд Монголын банкны холбооны санаачилгаар 2012 оноос тус өдрийг тэмдэглэж эхэлжээ.