РОМ. /Xinhua/. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын өнгөрсөн пүрэв гарагт нийтэлсэн мэдээлэлд дурдсанаар, мах болон ургамлын тосны үнэ огцом нэмэгдсэнээр дэлхийн хоол хүнсний үнэ өнгөрсөн сард 10 дугаар сартай харьцуулахад 2.7 хувиар нэмэгджээ.

Ургамлын тосны үнэ сүүлийн 18 сарын хугацаанд хамгийн өндөр түвшинд хүрч, 10.4 хувиар нэмэгдсэн байна. Эрэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор далдуу модны тос, шар буурцаг, рапсын үр, наранцэцгийн тосны үнэ нэмэгдсэн байна. 

Түүнчлэн үхэр, хонины махны эрэлт нэмэгдсэн нь махны үнэ 4.8 хувиар нэмэгдэхэд хүргэжээ. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага Хүнсний бүтээгдэхүүний үнийн индексийг 23 нэр төрлийн өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний дундаж үнэд суурилан сар тутам гаргадаг байна. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг