ВАШИНГТОН. /VOA/. Дэлхийн хүн ам 1987 онд 5 тэрбум хүрэхэд олон мянган жил хугацаа шаардагдсан боловч 32 жилийн дараа энэ тоо 8 тэрбумд хүрэх төлөвтэй байна.


Хүн ам хурдацтай өсөж буйд санаа зовнисон НҮБ-ын удирдагчид 1989 онд хүн амын хэт өсөлтөөс үүдэлтэй асуудлуудыг анх дэвшүүлж, жил бүрийн долдугаар сарын 11-ний өдрийг "Дэлхийн хүн амын өдөр" болгон зарлажээ. Өнөөдөр дэлхийн хүн ам 7.7 тэрбум хүрээд байна.


Зарим улсын хүн амын тоо буурч байна

НҮБ-ын мэдээлснээр, 2010 оноос хойш 27 улс орон, нутаг дэвсгэрийн хүн ам 1 болон түүнээс илүү хувиар буурсан бөгөөд энэ нь төрөлтийн түвшин тогтмол сул байсантай холбоотой ажээ. 1990 онд нэг эмэгтэйд ногдох төрөлтийн тоо 3.2 байсан бол 2019 онд 2.5 хүрсэн ба цаашид улам буурах төлөвтэй байна.


Гэсэн хэдий ч бусад бүс нутгуудад хүн амын өсөлт хурдацтай явагдаж байгаатай холбоотойгоор дээрх үзүүлэлт дэлхийн хүн амын өсөлтөд тийм ч их нөлөө үзүүлэхгүй аж. Дэлхийн хүн амын 2050 он хүртэлх өсөлтийн тэн хагасыг 9 орон бүрдүүлэх төлөвтэй байгаа нь Энэтхэг, Нигери, Пакистан, Бүгд Найрамдах Ардчилсан Конго, Этиоп, Танзани, Индонез, Египет, АНУ ажээ. 


Ядуу буурай орнуудын иргэд цөөн насалж байна

2050 он гэхэд дэлхийн хүн амын дундаж наслалт 72.6-77.1 хүрэх төлөвтэй байна. Харин буурай хөгжилтэй орнуудын иргэдийн хувьд уг тоон үзүүлэлт 7.4 жилээр бага байх ба үүний шалтгаан нь эх хүүхдийн эндэгдлийн түвшин өндөр хийгээд мөргөлдөөнтэй бүс нутгуудад хүчирхийлэл газар авсантай холбоотой байна. Тэдгээр орны хүн ам хэтэрхий хурдан өсөж байгаатай холбоотойгоор дэлхийн дулаарал, нөөцийн хомсдол, бохирдол, хоол тэжээлийн дутагдал, хүйсийн тэгш бус байдал, үхлийн аюултай халдварт өвчний тархалт зэрэг сөрөг нөлөө үүснэ хэмээн мэргэжилтнүүд үзжээ. 


Дэлхийн хүн ам хөгширч байна


Дэлхийн хүн амд тулгамдаж буй өөр нэгэн таагүй үзүүлэлт бол насжилт юм. 2018 онд дэлхийн 65-аас дээш насны хүн амын тоо 5-аас доош насны хүүхдүүдийн тооноос анх удаа давсан байна. НҮБ-ын мэдээлснээр, дэлхий дахины дундаж наслалт нэмэгдэж, төрөлтийн түвшин буурч байгаа ажээ. Ажиллах насны хүн амаас өндөр настай хүн амын тоо илүү байх нь дэлхийн эдийн засагт таатай нөлөө үзүүлэхгүй юм. 2050 он гэхэд Европ, Хойд Америкийн дөрвөн хүн тутмын нэг нь 65 болон түүнээс дээш настай байх төлөвтэй байна. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг