Дэлхийн Эдийн Засгийн Форум (WEF) нь дэлхийн хамгийн өрсөлдөх чадвартай, шинийг санаачлагч улсуудын жагсаалтыг гаргажээ. Тус жагсаалтад АНУ тэргүүлж, Сингапур улс удаалсан байна.

Өнгөрсөн лхагва гарагт гаргасан мэдээнээс үзэхэд Герман улс гуравдугаар байр эзэлжээ. Швейцарь улс  дэлхийн хамгийн өрсөлдөх чадвартай улс орнуудын жагсаалтыг сүүлийн арван жил тэргүүлж байсан ч уг жагсаалтын дөрөвдүгээрт бичигдэн доошилсон үзүүлэлттэй байна.

Олон улсын өрсөлдөх чадварын 2018 оны тайлан гаргахад  аргачлалын хувьд өөрчлөлт орсон нь тус тайлангын үр дүнд нөлөөлсөн гэж “Agence France-Presse”-аас мэдэгджээ.

Тус байгууллагын үзэж буйгаар шинэ аргачлал нь "дэлхий дахинд өөрчлөгдөж буй шинэ, дижитал технологийн өөрчлөлт"-ийг тусгасан гэжээ.

Энэ жилийн хэвлэлд 140 улсын эдийн засгийг cудлан  98 индикатороор хэмжихийн тулд индикаторуудыг 12 тулгуур хүчин зүйл болгон ангилжээ. Үүнд институци, дэд бүтэц, макро эдийн засгийн тогтвортой байдал, бизнесийн динамик, инновацийн чадвар зэргийг багтаасан байна.

0-100 гэсэн хэмжигдэхүүнийг ашигласан ба АНУ дунджаар 85.6 оноогоор тэргүүлсэн бол Сингапур (83.5), Герман (82.8) гэсэн үзүүлэлттэй байв.


ДЭФ-ийн  Удирдах зөвлөлийн гишүүн Саияа Захиди АНУ-н тэргүүлсэн шалтгааныг "Тэд бол шинэлэг санаачлагын эх үндэс" гэжээ.

Мөн тэрээр "Тэд хөдөлмөрийн зах зээлийн хувьд сайн байгаа, зах зээлийн хэмжээнээс хамаарч сайн ажилладаг, институциудын хувьд сайн” гэж нэмж хэлсэн байна.

Дэлхийн Эдийн Засгийн Индексийн тоон судалгааны ахлах Тиерри Гейгер "Тайланд ашигласан ихэнх мэдээллүүд нь Трампыг өнгөрсөн жил засгийн эрх авахаас өмнөх тоон үзүүлэлтийг ашигласан" гэжээ. 

АНУ-ыг доош нь татаж байгаа үзүүлэлт бол эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн зах зээлд оролцох оролцоо, мөн хэвлэлийн эрх чөлөө сул гэж Захиди тодруулсан байна.

Сингапур улсын хувьд дэд бүтэц сайн, бүтээгдэхүүн нь зах зээлд тэргүүлэх байр суурь эзэлдэг. Үүнээс гадна Сингапур, Испани, Хонг Конг, Япон улсууд эрүүл мэндийн үйлчилгээгээр тэргүүлэх байранд бичигджээ.