Коронавирус ямар ч улсыг үл ялган хурдацтай тархаж байна. Хүнд төрөлхтний түүхэнд урьд өмнө өнөөдрийнх шиг дэлхийн бүх улс үндэстнийг нэгэн зэрэг хамарсан цар тахал тохиолдож байсангүй. Хэдийгээр улс бүрийн суурь нөхцөл ялгаатай боловч тэдгээрийн төр засгийн улс орноо зөв зохистой удирдах чадвар, гамшгийг даван туулах чадамжийг сорьсон томоохон шалгалт болж байгаа билээ.

Лондон хотод байрлалтай Deep Knowledge Group дараах шалгуураар судалгаа явуулсан байна. Үүнд:

  • Хөл хорионы дэглэмийн үр нөлөө: хамарсан цар хүрээ, дэглэм зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага, хөдөлгөөний хязгаарлалт, тусгаарлалтад орсон иргэдэд үзүүлж буй санхүүгийн дэмжлэг
  • Засгийн газрын ажлын үр нөлөө: Гамшгаас хамгаалах зэрэглэл, дижиталчлалын түвшин
  • Хяналт, оношлогоо: Коронавирусын оношлуур, сорьцийн хүртээмжтэй байдал, мэдээллийн хүртээмж
  • Эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжтэй байдал: Уушиг орлуулагч, амьсгалын аппаратын тоо, эмнэлэгийн ор, эмч, эмнэлэгийн ажилтны тоо, онцгой үед олгох санхүүгийн дэмжлэг  

Судалгаагаар дараах орнууд иргэдийнхээ аюулгүй байдлыг хамгийн сайн хангаж чадсан гэж шалгарчээ.

# 10. Хонконг

Deep Knowledge Group-ийн судалгааны баг дээрхи 4 шалгуурыг тус бүрт нь 6 ширхэг дэд категорид хувааж тус бүрт нь оноо өгч, онооны нийлбэрээр улс орнуудыг эрэмбэлжээ. Үүний үр дүнд Хонконг 620,97 оноогоор 10 дугаар байрд шалгарсан аж.

# 9. Япон

Япон улс 623,19 оноогоор 9 дүгээр байрт шалгарчээ. Тус улс ийнхүү тэргүүлэх улсуудын нэгээр шалгарсан нь хачирхалтай ч судалгаа явуулсан цаг үетэй холбоотой байх магадлалтай.  Ялангуяа 4-р сард японы засгийн газрын үйл ажиллагаа “хэтэрхий удаан”, “хүнд сурталтай” хэмээх шүүмжлэлд ихээхэн өртөж байсан билээ. Үүний уршгаар “Diamond princess” хөлөг дээрхи халдвар хуурай газарт дамжсан гэж үздэг. Харин Лондоны судалгааны баг “тусгаарлах горим” шалгуурт 159 оноо өгсөн нь “засгийн оновчтой шийдвэр” хэмээх шалгуураар авсан 179 онооны дараа орох үзүүлэлт байв.

# 8. Сингапур

Сингапур улс 624,28 оноогоор 8-р байр эзэлж байна. Тус улсын Засгийн газрын хэрэгжүүлсэн шийдвэртэй алхмууд дэлхий дахинаа үлгэр жишээч байж чадсан билээ. Тухайн үед www.heute.de веб сайт тус улсын талаар “Корона тараагч улсаас үлгэр жишээ орон болсон” хэмээх цохож байв.

# 7. Тайван

Тайваны амжилтын түүх үргэлжилсээр байна. Хятадын өмнөд эргийн ойр байрлах энэ арлын улс маш хурдан, шийдвэртэй арга хэмжээ авчээ. Ингээд тус улс 625,75 оноогоор 7 дугаар байр эзэлсэн байна.

# 6. Шинэ Зеланд

ХБНГУ- ын Холбооны Канцлер Ангела Меркель корона вирустай тэмцэхэд канцлераар 14 жил ажилласан туршлагаа ашигласан бол шинэковууд мөчөөгөө өгөхгүй өөрсдийн чадвараа харуулдгийг Шинэ Зеландын жишээн дээр харж болно. Тус улсын Ерөнхий сайд Жакинда Ардерн албаа аваад удаагүй байхад нь христийн шашны сүмд террорист халдлага тохиолдсон бол удалгүй коронавирустай нүүр тулсан. Ардерн тус улсыг гадаад ертөнцөөс бүрэн тусгаарлаж, шинээр халдвар авагсдын тоо буураад байхад ч хугацааг нь сунгах шийдвэр гаргасан. Бүр 4-р сард тэрээр: “Бид коронаг устгаж чадлаа” хэмээн тунхаглаж байв. Тус улс 626,02 оноогоор 6 дугаар байрт шалгарсан байна.

# 5. Хятад

Covid-19-ийн цар тахал анх БНХАУ-аас тархсан тухай өгүүлдэг. Deep Knowledge Group-ийн судалгааны баг гамшгийн менежментийг оновчтой хэрэгжүүлсэн тус улсыг 626,22 оноогоор 5 дугаарт байрт шалгаруулжээ.

# 4. Австрали

Тус улс аюулгүй байдлын үзүүлэлтээрээ 626,78 оноогоор дөрөвдүгээрт байрт шалгарчээ. 4-р сарын сүүлээр Австрали, Хятадын хооронд сөргөлдөөэ үүсч уг вирус дэлхий дахинд хэрхэн тархсаныг судлах хараат бус комисс томилохыг Канберрагийн Засгийн газар Хятад Улсаас шаардсан юм. БНХАУ үүний хариуд Австралийн бараанд бойкот тогтоосон.

# 3. Өмнөд Солонгос

Өмнөд Солонгос вирусын тархалтын эхэн үед хөрш Хятадын нэгэн адил хамгийн хурдацтай тархалт бүхий орнуудын нэг байсан. Тус улсын засгийн газар болон ард иргэд нь богино хугацаанд шийдвэртэй алхам хийж тархалтыг хязгаарлаж чадсан. Тус улс өмнө нь SARS тахалд өртөж байсан туршлагатай, түүнчлэн томоохон хотууд нь агаарын бохирдол ихтэй байснаас иргэд нь амны хаалт зүүж хэвшсэн зэрэг нь сайнаар нөлөөлжээ. Ийнхүү 628,17 оноогоор тус улс 3 дугаар байрт шалгарчээ. Хамгийн өндөр буюу 183 оноог “Засгийн газрын ажлын үр нөлөө” шалгуураар хүртсэн байна.


# 2. Герман

Тус судалгаагаар Герман коронавирусын цар тахалын үе дэх дэлхийн хамгийн аюулгүй орны жагсаалтад 2-р байр эзэлжээ. Судлаачид тус улсад 631,07 оноо өгсөн байна. “Хөл хорио”, “гамшгийн менежмент” шалгууруудаар хамгийн өндөр оноо авчээ. Ийнхүү Герман тус жагсаалтын эхний 10 байрт шалгарч чадсан баруун европын цорын ганц орон болжээ. 10-аас дээших байруудад Швейцарь, Австри, Канад, Унгар, Дани улс шалгарсан. “АНУ нь бүр 70 дугаарт бичигдсэн байна” хэмээн Шпигель сэтгүүл тус судалгааг танилцуулсан нийтлэлдээ дурджээ.

# 1. Израйль

Израйль бол байнгын онцгой дэглэмд байж ирсэн улс бөгөөд коронавирусын цар тахлын үед ч дэлхийн хамгийн аюулгүй улсад тооцогдож байна. Deep Knowledge Group-ийн судалгааны баг тус улсад 632,32 оноо өгчээ. Хамгийн өндөр оноог “Засгийн газрын ур чадвар” шалгуурт олгосон . Мөн хөл хорионы дэглэм нь ч өндөр оноо авсан байна. Харин эрүүл мэндийн яаралтай тусламж, үйлчилгээний чадавхи үзүүлэлтээр хамгийн сул буюу 121 оноог хүртсэн юм. Энэ нь Герман, Солонгос, Японы 150 оноотой харьцуулахад нэлээд доогуурт тооцогдоно.

Эх сурвалж: https://www.capital.de