“Numbeo” цахим мэдээллийн сангаас гаргадаг дэлхийн хамгийн аюулгүй хотын жагсаалтыг Абу Даби хот хоёр жил дараалан тэргүүллээ гэж тус хотын Соёл, аялал жуулчлалын газар мэдээлжээ.

Дэлхийн хамгийн аюулгүй хотын индекст 338 хотыг жагсааснаас Арабын Нэгдсэн Эмират Улсын /АНЭУ/ нийслэл Абу Даби хот тэргүүн байрт жагсчээ.

Өнгөрсөн оны эхний хагаст тус хотын аюулгүй байдлын индекс 86.46 оноотой байсан нь энэ онд 88.26 болж өссөн байна.

Харин Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот уг жагсаалтад 59.88 оноотой 288 дугаар байрт бичигджээ.

АНЭУ-ыг олон улсын аюулгүй байдлын стандартад нийцсэн улс болгох хүчин чармайлтад манай хотын энэ нэр хүнд ихээхэн хувь нэмэр оруулж байна гэж Абу Даби хотын Соёл, аялал жуулчлалын газрын хоёрдугаар нарийн бичгийн дарга Саиф Саид Гобаш мэдэгдлээ.

2009 онд үүсгэн байгуулагдсан “Numbeo” хамтарсан цахим мэдээллийн сан нь улс орон болон хотууд дахь амьжиргааны зардал, аюулгүй байдлын тухай мэдээллийг хуваалцах, харьцуулах боломжийг хэрэглэгчдэд олгодог юм.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг