Дэлхийн банкны ерөнхийлөгчийн албанд АНУ-ын Сангийн яамны Олон улсын асуудал хариуцсан Төрийн нарийн бичгийн дарга Дэвид Малпассыг тус улсын нэр дэвшигчээр сонгосон тухай Ерөнхийлөгч Дональд Трамп лхагва гарагт мэдэгдэв.

АНУ-ын төрийн тэргүүн хэлэхдээ, Д.Малпасс бол маш онцгой нэгэн хэмээгээд, түүнийг энэхүү чухал албыг хашиж чадна гэдгийг мэдэж байна гэжээ. Дэлхийн банкны шинэ ерөнхийлөгчийг тус байгууллагын удирдах зөвлөл сонгох юм.

Д.Трамп дээрх мэдэгдлийг хийсний дараа Дэлхийн хөгжлийн гол институцын тэргүүнд нэрийг нь дэвшүүлсэнд талархаж буйгаа Д.Малпасс илэрхийлсэн байна.

Дэлхийн банкны удирдах зөвлөл энэ долоо хоногийн пүрэв гарагаас эхлэн ирэх гуравдугаар сарын 14 хүртэл ерөнхийлөгчийн албанд нэр дэвшигчдийн саналыг хүлээн авч, дөрөвдүгээр сарын 12-14-нд Вашингтон хотноо болох Олон улсын валютын сан болон Дэлхийн банкны төлөөлөгчдийн хаврын уулзалтын өмнө шинэ ерөнхийлөгчийг сонгох ажээ. 

ДБ-ны ерөнхийлөгч Жим Ён Ким хоёрдугаар сарын 1-нээс албан тушаалаасаа огцрохоор болсон тухайгаа нэгдүгээр сарын эхээр мэдэгдсэн билээ. Одоогоор тус банкны гүйцэтгэх захирал Кристалина Георгиева ерөнхийлөгчийн үүргийг түр гүйцэтгэж байгаа юм.


Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг